“Э.Бат-Амгалангаас эхлүүл Б.Энхбаяр аа” гээд байгаа Х.Нямбаатарыг буруутгах аргагүй

 Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр өнөө өглөө өргөдлөө өгөх л юм болсон. Дэд сайдуудыг чөлөөлөх л юм болсон. Азналаа л болно билээ, оройдоо. Засгийн газар өнөөдөр нээгдэх УИХ-ын чуулганыг угтаад ийм маягийн төлөвлөлт, ая дантай байсанаа, юутай ч хоёр сайдаа өнөөдөртөө шилгээхээргүй болоотох шиг. Ерөнхийлөгч өнгөрөгч баасаны орой хэвлэл мэдээллийнхэнтэй Их Тэнгэрт уулзалдсан, багагүй цагаар тэдэнтэй саатсан мэдээтэй. Гэтэл мөнөөх уулзалтынхнаас  Ерөнхийлөгч тэгж хэлэв, ингэж хэлэв, ийм агуулгатай хөөрөлдөөн, болзоо боллоо гэж ямар нэг байдлаар ер мэдээлсэнгүй. Ер нь бол Ерөнхийлөгчийн хувиар хэвлэлийнхэнтэй сүүлийн уулзалтаа хийж байна, цаашид улс төрд байх байх, дэмжээрэй гэсэн шиг ерөнхий үг дайсан л уулзалт болсон гэх. Л.Оюун-Эрдэнийн яриа энэ тэрийг үл тоомсорлосон л аяс байдалтай байсан бололтой. Чуулган эхлэхэд, хамгийн их бэлтгэх газар бол мэдээж УИХ.  Спикер Н.Учрал хойт бүсийн аймаг хотоор яваад ирсэн, уулзалтууд хийсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг батлуулна, чөлөөлөлтүүдээ хийнэ гэдэг үг яриатай яваад ирсэн. УИХ нээгдэнгүүт энэ энэ хуулийг эхлээд хэлэлцэнэ , ингэж ажиллана гэдэг мэдээ мэдээлэл ч нэг их гарсангүй, гаргасангүй. Даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ажил байдлаа ярьдаг, төлөвлөдөг. Энэ ч хуралдаж барьсангүй бололтой. Нэг иймэрхүү байдалтай УИХ-ын Хаврын чуулганыг угтаж байна.

Өнөөдөр спикер эхэлж үгээ хэлнэ. Н.Учрал спикер болоод нэг чуулган хаасан. Одоо анх удаа чуулган эхлүүлэх гэж байна. Түүний үг яриа ихээхэн содноор сонсогдоно. Парламентын ач холбогдол, агуулга, ёс зүй тойрсон, бүчсэн асуудлаар энэ чуулган онцлогдоно. Энд Н.Учрал спикерийн хувиар ямар агуулга барих нь вэ, өөрийнхөө цаашдын нүүдлийг хэрхэн тооцсон бэ гэдэг өнөөдрийн үгнээс нь илэрхийлэгдэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд үг хэлэх мэдээтэй. Ерөөс нийгэм ч үг хэлнэ гэдэг хүлээлттэй. Өөрөө ч хууль санаачлаад өргөн барьчихсан байгаа. Тэрийг нь тойроод нийгмээр нэг хэлэлцүүлэг үүсчихсэн.

Л. Оюун-Эрдэнэ, Х.Булгантуяа нарын гишүүд парламентаа хамгаална, Ерөнхийлөгч УИХ-ын эрхэнд үл халдах хэрэгтэй гэдэг агуулгаар бусдыгаа ил тод уриалаад байна. Нөгөө талд ёс зүйн асуудлыг алган дээрээ тавьж Р.Болд, С.Нарангэрэл нарын хүмүүс Ерөнхийлөгчийн агуулгыг дэмжиж байгаа нь ил тод. Ерөнхийлөгч нийтийн хүлээлтийг соёрхон үг хэлвээс, чухамхүү ихээхэн сонирхолтой болно. Ер нь хэлэх байх. Г.Занданшатарын танхимд ер нь хараад л байхад, Г.Занданшатарт Занданшатараас өөр нэмэртэй хүн үзэгдэхгүй шинжтэй болчихож. Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар бол өргөдлөө өөрсдөө өгөхөөр болсон шиг байна. Өгүүлэхээс ч аргагүй сувс үйлстэй сайдууд байсаар ирсэн нь хилсгүй. Гэхдээ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тэднийг огцруулахыг азнасны учрыг Спикер, Ерөнхийлөгч хоёрын үгийн утгаас эрчихэд даруй тодорно байх аа. Учрын гогцоо нь тэнд л байгаа.

Сая Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан гэдэг хүний бусармаг, ёс зүйгүй, төсөв хумслагч, албан тушаалын хэнээтэн болохыг хотын дарга Х.Нямбаатар нийгэмд дурайтал хэлж үзүүллээ. Х.Нямбаатарын нялайтал хэлсэнээс Э.Бат-Амгалан гэдэг сайд-гишүүн болбоос Н.Учрал даргын хэлээд байгаа, Ерөнхийлөгчийн хэлээд байгаа ёс зүйн болоод ерөөс ард түмэн, улсыг нэрмэж байгаа увайгүй үйлдлүүдээсээ болоод хамгийн түрүүнд огцруулах, татагдах хүний сонгодог жишээгээр өөрөө өөрийн үйлдлээр тодорчихлоо. “Э.Бат-Амгалан би вээр огцрох болзлоо төгөлдөр хангачихлаа” гэсэн шиг үйл төрхийг үзүүлж, түүнийг Х.Нямбаатар орчлон даяар тунхаглаад өглөө.

Ийм л зүй бус, ёс зүйгүй, татвар төлөгчдийн мөнгийг тоногч этгүүдээс улсыг, УИХ-ыг чөлөөлөх хэрэгтэй дээ. Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр хоёроос илүү дэлгэцэд ингэж Э.Бат-Амгалан гэж хүн өөрийн үйлдлүүдээрээ илрэн илчлэгдлээ. Б.Энхбаяр гэгч сайд улс төрийн галтай хавар болно, ёс зүйн хувьсгал эхлүүлнэ гээд л хот хөдөөгүй ярьж яваа. “Энэ гал, энэ хувьсгалаа Э.Бат-Амгалангаас эхлүүл Б.Энхбаяр аа”  гээд байгаа Х.Нямбаатарыг буруутгах аргагүй. Н.Учрал дарга ард түмэндээ Ардын нам эргэн ирнэ гэж яаж зүтгэж байгаа билээ, Ерөнхийлөгч ёс зүйтэй байлгана гэж яаж зүтгэж байгаа билээ, Э.Бат-Амгалан бол үүнийг нь  төгс хөсөрдүүлж байна даа.

З.САЙНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх