Монголын парламентын ардчилалыг , дархлааг бүсгүйчүүд, эмэгтэйчүүд цаашид илүү зөв залах юм байна. Илүү ач холбогдолтой, эрхэмсэгээр авч явах юм байна. Өчигдөр Монголын парламентад болсон үйл явдал үүнийг харуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуульд зөв зүйл байгаа ч , том агуулгаараа энэ нь үндсэн дархлаат засаглал-парламентынхаа эсрэг, бүр чин үнэндээ сонгогчийн, ард түмний эрх ашгийг, сонголтыг булаан дээрэмдэх үйл явц болох гээд байгааг эмэгтэй парламентчид тод цолгуунаар хэлж чадлаа. Энэ бол бахархал юм. О.Номинчимэг, Э.Болормаа, Х.Баасанжаргал, Л.Энхнасан, М.Мандхай, Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Б.Жаргалан. Хууль тогтоогчид гэдэг ийм байх ёстой байх. Парламентаар үндэстний, улсын нийтлэг эрх ашгийг хөсөрдүүлэх аливаа хууль “гоожиж” болохгүйг тэд харж чадаж байна. Тэд хэлэх үгээ шууд хэлж байна. Үндэслэлийг бүрэн дүүрэн, утга гаргалгаа төгөлдөр, няцаагдашгүйгээр илэрхийлж чадаж байна. Энэ бол үнэхээр сайн агуулга. Парламент бол чухамдаа ийм эрүүл мэтгэлцээн, шалгарлын урлаг. Энэ шалгаралд дээрх хүүхнүүд үнэхээр том харагдаж, парламентын эрүүл аж төрөхүйг сайн харагдуулж байна. Тэднийг том гэж цаасан малгай өмсүүлж байгаа нь огтхон ч хөөрөгдсөн зүйл биш бөгөөд бүр цаашилбал парламентын ардчилал, дархлааны агуулгыг нэн шинээр эргэцүүлэх, хамгаалах боломжийг “олгож” байгаа Нара М.Нарантуяад ч талархал дэвшүүлэх нь онох байна.
Монголын парламентэд анх удаа 32 эмэгтэй гишүүн 2024 онд орж ирсэн. Үүний төлөө иргэний нийгмийн байгууллагууд, сэхээтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн, дэвшилтэт олон нийт үнэхээр мачийсан. Үүнийг биежүүлэхийн төлөө бүх түвшинд зүтгэсэн нь ямар чухал болох нь нотлогдож харагдсаар байна. Үүний тусын тулд өнөөдрийн дэвшлийг авчирсан Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл, Т.Доржханд гээд олон хүний манлайллыг ярих нь шударга ёсонд нийцнэ. Өмнөх парламентын зүтгэлээр монголчууд анх удаа хүйсийн, жендерийн зохистой харьцаанд дэвшил авчирч, нэр дэвшигчдийн 30 хүртэлх хувийг эмэгтэйчүүдэд ноогдуулан парламентад авчирсан. Цаашид ирэх сонгуулиас 40 хүртэлх хувийг дэвшүүлэхээр хуульчилсан байгаа. Зүй нь бол тавин хувь болгох ёстой юм. Т.Доржханд энэ зорилтыг дэвшүүлсэн хар толгой мөн, энэ бол угаас зөвийн зөв зүйл.
Энэ зөв нь парламентын ардчилал, дархлаа, үндэстний түгээмэл эрх ашгийн төлөө зайлшгүй хийгдэх ёстой. Монголын төрд байгаа эрчүүд үнэхээр дордсон. Монголын нийгэм унаж ирсэн нь төрийн эрх барих дээдэд дан эрчүүл голлосон, голлосон шигээ нийгмээ хөгжүүлж чадаагүй асар тодорхой үзүүлэлтээс тэдэнд дүн тавьж болно.
Өнөөдөр парламентын гишүүн эрчүүд галтай цогтой үгээ хэлж чадахгүй байна. Хүүхнүүдийнхээ энд хүрэхгүй байна. Парламентын нэр хүндийг баллаж байгаа хулгайч, худалч, ёс зүйгүйтнүүд дандаа эрчүүл л байгаа. Парламентаас хөөгдсөн, хасагдсан хүүхний түүх байхгүй байгаа. Хүүхнүүд арх уудаггүй, хулгай, хуйвалдаан хийдэггүй. Тийм учраас аливаа барьцаалалд ордоггүй, доошоо харж, дорой дуугардаггүй. Үнэний өмнө үнэн байж чаддаг. Үүнийг өнөөгийн парламентын хүүхнүүд илэрхийлж чадаж байна.
Үүний нь төлөө тэдэнд баяр хүргэх ёстой. Монголын парламентын гишүүн эрэлхэг хүүхнүүдэд илүү их амжилт хүсье, зориг шийдэл нь Монголын хөгжилд үнэн цагаанаар тусаг.
З.САЙНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх