Тавин сая төгрөгийн хахууль авсан Л.Бямбасүрэнд шүүх 13 жилийн хорих ял оноожээ. Монголын ариун шүүх үнэхээр сайн ажиллаж. Гэхдээ ард түмэн ариун дээд шүүхээ занаж байх юм. Яагаад энэ эмэгтэйд олон жилийн ял өгөв гэж. Шударга бус байснаас л ингэж байгаа юм л даа. Өч төчнөөн тэрбумаар нь идэгсдээ бодитой шийтгэж чаддаггүй байж, нэг муу эмэгтэйд яасан өндөр ял өгөв дээ хэмээлдэж байна. Шүүхийн ариун үнэн дэнслэлд хүйс огт хамаагүй бөгөөд гагцхүү цээрлэлийг зөв дэнслэн, оноогдсон ял буруутгагдсан, хор хохирол учруулсантайгаа л тэнцэж байх ёстой юм. Тэр тэнцвэр нь байхгүй болохоор ард түмэн гаслаад байна л даа. Ойрхны жишээ авъя, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг гэж хоёр хүн нүүрсний хэргээр яллагдаад суллагдчихсан байж байна. 2-4 жилийн ялаа эдлээд гараад ирцгээчихсэн. Шүүхийн шийдвэрээр Т.Аюурсайханаас хоёр тэрбум, Б.Ганхуягаас арван тэрбум төгрөг хураасан байдаг. Тэдний ариун бусаас хураасан энэхүү мөнгөн дүнгээс Л.Бямбасүрэнгийн 48 сая хэтэрхий бага байгаа биз. Чухам үүнээс л болж, Монголын ариун шүүхийн ариун бусын тухай шагширалдаж байна, энэ ард түмэн.
Л.Бямбасүрэнд шүүх оноох ёстой ялыг нь оноосон юм байж. Тэгвэл түүнийхээс хэдэн тэрбумаар илүү идсэн,уусан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт Л.Бямбасүрэнд ноогдуулснаас арван жилээр бага ял өгчихөөр яаж ард түмэн ойлгох вэ. Монголын ариун дээд шүүхэд эх толгой, шударга ёсны өчүүхэн хэмжүүр байна уу. Үнэхээр дэндүү байна даа. Дээд шүүхийн дарга Д.Ганзориг, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга П.Золзаяа гэж хүмүүс бий. Монголын хазгай муруй бүхний эхэнд шүүхтэй холбоотой асуудал гарч байгаа. Л.Бямбасүрэн бол Монголын нийгэмд бас ч гэж танигдсан хүн. Тийм хүн тул түүнд оноосон ял, түүнийг тойрсон нийгмийн хэлэлцүүлэг өрнөж байгаа юм. Иргэн Дорж, иргэн Лхамын хэргүүдийг яаж шийддэг бол гэж төсөөлөхөд үнэхээр хүнд.
Монголын шүүх ариусахгүйгээр, Монголын хууль хүчний байгууллага зөв болохгүйгээр шударга ёсны тухай ярих ямар ч боломжгүй. Шүүгчдийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилдог шүүгч нартаа шударга ёс хангаж, шүүхийн дэнслэлийг үнэн шударга явуулдаг болгох тал дээр онцгой анхаарч, өөрчлөлтийг өнөөдрөөс хийх ёстой болжээ.
Тун удахгүй МАН-ын УИХ дахь Бүлгийн дарга явсан Д.Тогтохсүрэнг шүүх юм билээ. Чухам үүн дээр шүүх хэрхэн ажиллаж, дэнслэж шийдвэрээ гаргах нь вэ гэдгийг маш нарийн харах хэрэгтэй болох нь. Энэ хүнд холбогдох авлигын олон үйлдэл байгаа ч, 280 саяыг хураасан тухай асуудлыг бичиж, нийтэлж байгаа. Л.Бямбасүрэнд ноогдуулсан 48 саяас үүдэлтэй логикоор бол Д.Тогтохсүрэнд шүүх бараг 60 жилийн ял өгөх бололтой.
Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж яачихсан, дүүрчихсэн олхиогүй байгууллага байна аа, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга гэгч нь ажилтан Ч.Ханддуламд бэлгийн дарамт үзүүлээд , энэ нь бүх баримтаар нотлогдох атал шүүх дээр арга саам эрсээр, одоо УИХ дээр асуудал нь оччихсон явж байна. Ийм дампуурсан шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй байна гэдэг гутамшиг. Ямар ч шударга ёсгүй. Цөхөрсөн иргэд, шударга ёсыг үгүйлсэн ард түмэн “Монголын “ариун” шүүх даяар даяар мандтугай” гэж хорсон шагширч байна, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ! Энэ бол Монголын шүүхийн шударга ёс шал дээр унасан, шалаас доош цөмөрсөн шившгийг л хэлээд байгаа юм.
З.САЙНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх