УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээгээр хянан шалгах хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 43 гишүүн буюу 34.7 хувийн саналаар дэмжлэг хүлээсэнгүй. Парламент Харбины гэрээг хянан шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Сүүлийн хагас жил орчим үргэлжилж буй “Харбины гэрээг ил болго” гэх улс төрийн акцын гол төлөөлөгчид нь олигарх компанийн эрх ашгийг хамгаалагчид гэдгээрээ танигдсан Жудагийн Баярмаа, шарк Энхтүвшин нар. Тэд ч дүүрч. Эздийнхээ төлөө эхнээс нь эцсийг нь хүртэл Харбины гэрээг эсэргүүцэж байгаа хүмүүс. Гэхдээ “Харбины гэрээг шалга” гэх улстөр ханхалсан шаардлагыг УИХ-ын чуулган дээр дэмжсэн гишүүдээс нэг хүн онцгой анхаарал татаж байна. Тэр хүн бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Сайд эмэгтэй “Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах”-ыг дэмжих санал дээр кноп дарчихсныг анзаарсан нь хэд бол? Эндээс Б.Батцэцэг хэнсэн билээ, Харбины гэрээ юусан билээ гэсэн асуулт ургаж гарч ирнэ.
Б.Батцэцэгийг эрх баригч намын гишүүн, УИХ-ын гишүүн гэж харвал санал өгөх эрхээ эдэлсэн жирийн нэг улстөрч. Харамсалтай нь, тэр Монгол Улсын гадаад харилцааны номер нэг албан тушаалтан. Гадаад харилцааны сайд. Тэр энэ албыг сүүлийн хоёр парламентын турш хашиж байна. Нөгөөтэйгүүр Б.Батцэцэг бол Монгол Улсын гадаад бодлогын нүүр царай. Түүний дотоодод гаргаж буй улс төрийн шийдвэр, үг үйлдэл бүхэн гадаад орчинд, ялангуяа хөрш зэргэлдээ улс орнуудад байнгын хяналтан дор байгаа нь гарцаагүй.
Гэтэл ийм өндөр хэмжээний хариуцлагатай албан тушаалтан Харбины гэрээг хянаж шалгахыг дэмжсэн санал гаргасан нь БНХАУ-ын талд таагүй мессеж болж очих нь гарцаагүй.
Дотоодод Дорж, Дулмаа энэ процессыг ажиглаагүй, үл тоож болно. Гэхдээ Б.Батцэцэгийн хувьд бол өөр.
БНХАУ бол Монгол Улсын эдийн засгийн гол түнш. Нүүрс, зэсээрээ амьдардаг монголчуудын хувьд нүүрс, зэсийн маань цорын ганц худалдан авагч. Ковидын үеэр хил хаагдахад дотоодод хүнс, барааны хомсдолд яаж орлоо. Яг одоо БНХАУ “Танай Гадаад харилцааны сайд ганц кнопоороо манай улсын Засгийн газартай хийсэн гол гэрээг хянаж шалга, Хятадад итгэхгүй байна гээд хэлчихлээ. Бид нүүрс, зэсээ дотоодоосоо болоод өөр улсаас авлаа” гээд хилээ хаахад л эдийн засаг бүхэлдээ сүйрэх эрсдэлтэй нүүр тулна. Ийм эрсдлийг учруулахуйц үйлдлийг ядаж Монгол Улсын гадаад харилцааг толгойлж яваа үедээ хиймээргүй байна, Б.Батцэцэг сайд аа. Хятад улсаас хамаарах энэ том нөлөөг Б.Батцэцэг мэдэхийн дээдээр мэдэх хэрнээ кноп дарж, дипломат ёсны том алдаа хийчихлээ.
Гадаад харилцааны сайд гэдэг бол улсынхаа гадаад орнуудтай хийсэн гэрээн дээр төвлөрч ажилладаг, хэзээ ямагт хамгаалж дуугарах ёстой. Гэтэл Б.Батцэцэг сайд өөрийнхөө ажиллаж байсан Засгийн газрын гадаад оронтой хийсэн гэрээний эсрэг кноп дарж, олон улсад “Монгол бол итгэж болохгүй орон. Гадаад харилцааны сайд нь дипломат ёсыг ноцтой зөрчиж, хийсэн гэрээнийхээ эсрэг кноп дарж улстөрждөг улс” гэдэг сигнал өгч орхив.
Дипломат ёсыг уландаа гишгэсэн энэ үйлдлийнхээ төлөө, Монгол Улсын нэрийг шавартай хутгасныхаа төлөө Б.Батцэцэг сайд хариуцлага хүлээх ёстой. Гадаад харилцааны сайдын энэ үйлдэлд Хятад улсын Гадаад харилцааны яам тун эмзэг хандаж байгаа тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Улстөржсөн кнопоосоо болж улсаа сүйдлэх ирмэгт аваачсаных нь төлөө Гадаад харилцааны сайдад хариуцлага тооцмоор байна, Ерөнхий сайд аа.
Сэтгэгдэл үлдээх