Гадаад харилцааны сайд гадаад паспорт хэвлэх нэрээр төсвийн мөнгө угааж байна, ҮАБЗ-ийнхөн!

Гадаад харилцааны сайд гадаад паспорт хэвлэдэг байж болох уу гэсэн асуултыг Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавимаар байна! Монгол Улсын 3.5 сая иргэний хувийн мэдээлэл нэг сайдын компанид хадгалагдах нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү гэж лавлаж, тодруулж асуумаар байна, бас!

Ингэж асуух үндэслэл нь ҮАБЗ-ийн зөвлөмжтэй холбоотой. Тус байгууллагын зөвлөмжөөр  Монгол Улс дотооддоо гадаад паспортынхоо бэлдэц үйлдвэрлэх, аюулгүй байдлаа хангах зорилгоор “Төрийн үнэт цаас хэвлэл” гэх төрийн өмч давамгайлсан компанийг 2023 онд үүсгэн байгуулсан юм. Гэтэл тэрхүү онц чухал обьект буюу “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчийн оролцоот ХХК-ийг  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэвлэх үйлдвэрийн захирлууд ээлжлэн удирдаж, төсвийн мөнгийг зуу, зуун сая, хэдэн арван тэрбумаар нь хяналтгүй урсгаж байна. Хамгийн ноцтой нь иргэдийн хувийн мэдээлэл төрийн хамгаалалтад биш, хувийн нэгэн компанид, бүр ухаж харвал Гадаад харилцааны сайдын мэдэлд орсон болж таарчихаад байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хувьд маш ноцтой явдал юм.

Сэтгүүлч С.Будрагчаагийн “Нууц материалууд: Паспортын дамчин” эрэн сурвалжлах нэвтрүүлэгт гарснаар “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийг байгуулахдаа УБЕГ 51 хувь, “Мигасон” гэх хувийн  компани 49 хувийг нь эзэмшье гээд байгуулчихаж. Төрийн хамгаалалтад байх ёстой гадаад паспортын хэвлэлт, үйлдвэрлэлийг хувийн нэгэн сураггүй компани хариуцах болсон нь ноцтойгоор барах уу ноцтой баримт. Шат дамжлага бүр нь  маш нууцлалтай явагдах ёстой үйлдвэрлэлд “Мигасон” гэх компани ийнхүү орж ирсний ард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  байсан байх  өндөр магадлалтай гэдгийг С.Будрагчаа сэтгүүлч нэвтрүүлэгтээ хэдэнтээ онцоллоо.

Учир нь “Мигасон” гэх компанийг Н.Цэрэндолгор гэх эмэгтэй үүсгэн байгуулсан байдаг. Н.Цэрэндолгор нь дараах байдлаар Б.Батцэцэг сайдтай ажиллажээ. 

  • Б.Батцэцэгийн Мөнхийн үсэг ХХК-д хуулийн зөвлөх,
  • Б.Батцэцэгийн “Экопак” Монгол ХХК-д хуулийн зөвлөх
  • Б.Батцэцэгийн хүү Ганбатын Соджамцын  Ви Эс Эм ХХК-д гүйцэтгэх захирал байсан зэргээр үргэлжилж байна. Энэ хамаарлаас харахад Н.Цэрэндолгор нь  Б.Батцэцэгийн баруун гар гэгдэхээр харагдаж байна.

“Төрийн үнэт цаас хэвлэл” компанид Б.Батцэцэгийн хүмүүс Н.Цэрэндолгороор дуусаагүй нь  сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлгээс тодорхой харагдаж байна. Тус компанийг 2023 онд үүсгэн байгуулахад төр талаас УБЕГ-ын тухайн үеийн дарга ТУЗ-ийн даргаар нь томилогдож байжээ. Харин гүйцэтгэх захирлаар нь “Мигасон” ХХК талаас Э.Ариунгэрэл гэх эмэгтэй томилогдож байсан аж. “Э.Ариунгэрэл гэж хэн бэ” гэсэн асуулт тавиад хайхад энэ эмэгтэй мөн л Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий хүн болж таарч буй. Тодруулж хэлбэл Э.Ариунгэрэл нь Гадаад харилцааны сайдын ХОМ-доо мэдүүлсэн “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК-ийг захиралаар ажиллаж байжээ.

Үүнээс гадна  “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн ТУЗ-ийн даргаар Б.Батцэцэгийн хуулийн зөвлөх Н.Цэрэндолгор ажиллаж байгааг opendata мэдээллийн сангаас харж болно.

Гадаад паспорт хэвлэлийн онц чухал обьект болох төрийн өмч давамгайлсан компанид Б.Батцэцэгийн хэвлэх үйлдвэрийн захирлууд энэ мэтээр эзэн сууж байна. Эзэн суусан захирлууд төсвийн мөнгийг гарынхаа салаагаар сая саяар нь урсгаж, Монгол Улсын иргэд гадаадад зорчиход эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болоод буйг Үндэсний аудитын газраас зарласан нь олны анхааралд ороод байна. Үндэсний аудитын газрын  2025 оны төрийн байгууллагуудад хийсэн аудитын шалгалтаар  “Төрийн үнэт цаас хэвлэл” компани  маш ноцтой зөрчлүүд гаргажээ. Заримаас нь дурдъя.  

Баримт 1. 2025 онд цахим гадаад паспорт үйлдвэрлэхэд ашигладаг 137250 ширхэг поликарбонатыг 5.3 тэрбум төгрөгөөр худалдан авсан ч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад түүхий эдийн чанараас шалтгаалан 78.2 сая төгрөгийн өртөгтэй 1302 ширхэг цахим паспортын чанар шаардлага хангахгүй хэвлэгдэж, хорогдол үүссэн.

Компанийн хэмжээнд 2023-2025 оны 15711 ширхэг, 1.3 тэрбум төгрөгийн поликарбонатын гологдол үүсгэсэн,

Баримт 2: Мегасон ХХК-тай байгуулсан 403.3 сая төгрөгийн, “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан, 17 сая төгрөг, “Чэк мэйт” ХХК-тай 8.2 сая төгрөгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн акт үйлдээгүй байна.

Баримт 3. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлахгүйгээр 36.1 сая төгрөгөөр хөрөнгө худалдан авч, өмнөх жилийн аудитаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй,

Харьцуулалтын аргаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр “Шунхлай” ХХК-иас 23.4 сая төгрөгийн шатахуун худалдаж авсан зэрэг ноцтой зөрчлүүдийг нэрлэжээ.

Түүгээр ч  зогсохгүй аудитын дүгнэлтэд “Төрийн үнэт цаас хэвлэл  компани засаглалын хувьд төлөвшөөгүй, стратеги төлөвлөгөө байхгүйгээс хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлыг оны эцэст хийж, тайлант онд төлөвлөгөөгүй ажилласан. Компанийн үйл ажиллагаа зогсож, ашигт ажиллагаа буурсан нь компанийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж, Монгол Улсын иргэдийн гадаадад зорчих эрхэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна” гэж анхааруулжээ.

Нэг ёсондоо “Төрийн үнэт цаас хэвлэл” компани дампуурч байна. Стратеги төлөвлөлт байхгүй, компанийн засаглалын хувьд төлөвшөөгүй гэдэг бол тус компанийн удирдаж буй хүмүүс мэргэжлийн бус байна гэсэн үг. Тэд хувийн нэгэн үйлдвэр ажиллуулаагүй, ҮАБЗ-ийн зөвлөмжтэй, Засгийн газрын тогтоолтой, 3.5 сая иргэний хувийн мэдээллийг агуулдаг онцгой үйлдвэрлэлийг явуулахдаа ийм ноцтой алдаа, зөрчлүүд жил дараалан гаргаж, эцэст нь компани зогсоход хүргэж буйг мэргэжлийн байгууллага тогтоожээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өө, гаргасан зөвлөмжийнхөө хэрэгжилтэд хяналт тавиач, Гадаад харилцааны сайд гадаад паспорт хэвлэх нэрээр төсвийн мөнгийг угааж байна, мэргэжлийн бус хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр дургиж байгааг анхаараач, хариуцлага тооцооч!?

 

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Сэтгэгдэл үлдээх