“Засгийн газар бүтцээ харах хэрэгтэй” гээд байгаа Далайн Батбаярын үгийн цаана...

 Гишүүн Далайн Батбаяр “Засгийн газар бүсээ үнэхээр чангалъя гэж байгаа бол бүтцээ өөрчлөх хэрэгтэй” гэжээ. Д.Батбаяр цөөн дуугардаг. Дуугарахдаа онож дуугарчихдаг хүн шиг анзаарагддаг. Засгийн газар бүтцээ өөрчлөх хэрэгтэй гэдэг нь улс төрийн шалтгаанаар ч, эдийн засгийн хэмнэлт хийх шалтгаанаар ч асар тодорхой байгаа зүйл. Ер нь бол Засгийн газрыг данхайлгасан гэдэг асуудал бол Л.Оюун-Эрдэнээс эхтэй юм. 2022 оны намар Засгийн газрынхаа насыг сунгахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийсэн. Ингээд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хэд гуравхан жилийн өмнө, тодруулбал 2019 онд “Засгийн газрын бөгөөд УИХ гишүүн давхар байлгахгүй” гэж хуульчилсанаа үгүй хийсэн. Давхар дээлтэй, давхар эрх мэдэлтэй байж Засгаа бодит хамгаална, УИХ, Засгийн гишүүн байх нь зөв өө гээд л дахиад өөрчилчихсөн. Ингэж Үндсэн хуулиа унаарын морь шиг байн байн сэлгэн “эдлээд”, Засгийн газрынхаа цаг аясын байдалд тааруулж яваад ирсэн нь үнэн юм. Эдүгээ Н.Учрал их амаргүй үед Ерөнхий сайд хийж байгаа. Л.Оюун-Эрдэнэ амаргүй үед засаглаж байна гэдгийг байнга хэлж байсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийг засаглаж байхад Ардын нам эвтэй байсан, нэгдмэл байсан. Гэвч Ардын нам дахь эрх мэдэлд шунагсад, албан тушаалын долдой нарыг “нэгэн гар” идэвжхүүлж, эдүгээ хоёрхон жилийн дотор гурван Засгийн газар, Ерөнхий сайд, гурван УИХ-ын дарга сэлгүүлэн бий болгож, Ардын намын тал дундуур нь хуваасны дараахь байдал дээр Засгийн тэргүүн хийж байгаа Н.Учралд л гагцхүү жинхэнэ амаргүй гэгч нь бий болчихоод байгаа юм. Ерөнхий сайд Н.Учралд төдийгүй Монголын ард түмэнд Засгийн газар тогтвортой байх нь амин чухал байгаа. Муу сайн хэлээд СОР-17 гэгчээ хийж байна. Ард нь гарах гэж байна. Бас ч гэж хөрөнгө оруулалтын аяс хөг наашилж, өнөө маргаашдаа овоо хэдэн хөрөнгө оруулалтын баримт бичигт зурах сурагтай. Тэр дундаа дэлхийн хөгжлийн шинэ чиг хандлага, хиймэл оюун ухааны дата төв, солонгормол эрчим хүчний эх үүсвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын эрхийг Монголд нэвтрүүлэх ажил болох нь гарцаагүй байна. Ийм үед Засгийн газраа хямгадах, нандигнах нь монголчуудын зорилт байх ёстой. Харин Монголын улс төр бол үүний эсрэг төлөвт байна. АН бол Засгийн газрыг огцруулна гээд нэгмөсөн шүдээ зуучихсан, огцруулах бичиг баримтаа эмхэлчихсэн. Ардын намын Гучийн бүлэг мөн үүнд хүч хамсарч мэдэх чигтэй байгаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд давуу болоод сул тал зэрэг нүүрлээд нэгэнт ирж. Давуу нь энэхүү гадаад, дэвшилтэт хөрөнгө оруулалтууд. Маргаан байхгүй. Энэ бол манай үндсэн эрх ашиг болох нь гарцаагүй. Иймийн тулд Засгийн газраа аврахын тулд Далайн Батбаярын хэлж байгаачлан Засгийн бүтэцдээ өөрчлөлт хийхтэйгээ тулгарч л таарах нь. Улс төрийн их зөрчил дагуулсан, нэмрээсээ нидэр нь их хүмүүсээ танхимаасаа явуулж, Засгийн газрын тогтвортой байдлыг улс төрийн шалтгаанцлалын үүднээс зөв залах үүрэг Ерөнхий сайдад бүрнээ бий. Хэвлэл мэдээллээр гарч байгаа өнцөг үзүүрийн хувьд ч, улс төрийг уншиж гадарладаг хүмүүсийн гаргалгаа, бодомжийн хувиар ч,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг Н.Учрал танхимаасаа явуулах нь улс төрийн салхийг намжмал байдалд оруулах эхний өрөг юм шиг билээ. Мөн түүний араас эдийн засгийн асуудлаа илч дулаан болгодоггүй, хашиж байгаа албаныхаа агуулгыг ч ойлгодоггүй, өргөдөггүй, Н.Учралын уруудлын нэг шалтгаан мэт Ж.Энхбаяр ч нэрлэгдэх тун магадлалтай. Л.Оюун-Эрдэнэ Засгаасаа ингэж “сугалдаг” тактиктай байсан. АН-ын Д.Батбаяр гэдэг гишүүн Засгийн газар бүтцээ харах хэрэгтэй гээд байгаа нь өнгөндөө эдийн засгийн мэт агуулгатай ч цаанаа энэ мэт улс төрийг л хэлээд байх шиг байгаа юм. Ж.Энхбаяр, Д.Батбаяр хоёр нэг тойргийн өрсөлдөгчид.

 Б.ЗОЛБАЯР 

Сэтгэгдэл үлдээх