АТОЗ: ОУВС-ийн өрийг газар нутаг, тусгаар тогтнолоороо төлөх болно

Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хатуу нөхцөлт хөтөлбөрт хамрагдахыг Ард түмний онцгой зөвлөл /АТОЗ/ буюу оффшорчдын эсрэг тэмцэгчид эсэргүүцэж байна. Эсэргүүцлийн хүрээнд ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардах бичиг хүргүүлэх аж. Уг шаардах бичигт “...Монгол Улс өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн 5.5 тэрбум төгрөгийг авсан ч эдийн засгийн хувьд сайжрахгүй. Мөн хэзээ ч эргэн төлөгдөхгүй. Танай байгууллагаас зээлсэн мөнгийг манай улсын мөнгө угааж сурсан эрх баригчид нэг зоос ч үлдээхгүйгээр та бүхний гайхширлыг төрүүлтэл эрээ цээргүй завшина. Тэдэнд та бүхний мөнгийг хувьдаа завших эрх баригчдын үйл ажиллагаанд ханаж цадна гэсэн ойлголт байхгүй. Зах хязгааргүй цөлмөх бэрд мэт асар их цадиггүй шуналтай тул зээлийн мөнгө дуусахаас нааш тэдний мөнгө хулгайлалт зогсохгүй. Түүнчлэн та бүхэн хичнээн гомдол гаргасан ч монголын авлигалд идэгдэж, улс төрийн томилгоогоор тавигдсан хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж та бүхний хохирлыг барагдуулахгүй нь манай нийгмийн бодит үнэн билээ. Хууль хяналтынхан танай байгууллагын гомдолыг үргэлж хэрэгсэхгүй болгосны эцэст та бүхэн туйлдан ядарна. ОУВС-аас зээлсэн мөнгө юунд, хаашаа зарцуулагдсаны учрыг ч олж чадахгүй. Тийм мэргэшсэн луйварчины сургуульд манай улсын эрх баригчид суралцсан. Тэд мөнгө идэх гэж албан тушаалын төлөө улайран тэмцэж томилогддог тул зорилгоо биелүүлэхээс нааш санаа сэтгэл нь амрахгүй юм. Энэ бүхний эцэст та нарын өрийг монголын ард түмэн хэдэн үеэрээ зовж, газар нутаг, тусгаар тогтнолоороо төлөх болно. Үүнийг ард түмэн бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зэвсэг барин тэмцэх замыг сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Тиймээс Монгол Улсыг өртгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамруулахгүй байхыг шаардаж байна. Хэрэв зээл олговол бид олон улсын эрүүгийн шүүхэд хандах болно. Самурай, Чингис бондын таван тэрбум долларыг хоёрхон жилийн дотор үрж дуусгасан бөгөөд хэн ч хариуцлага хүлээгээгүй гашуун түүхийг та бүхэн давтахгүй байгаасай гэж хүсэж байна...” гэжээ.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх