Д.Батдэлгэр: Би өөрийгөө ХӨСҮТ-ийн өмнө шатаана

  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд залилуулсан гэх Д.Батдэлгэртэй ярилцлаа. Энэ ярилцлагыг хуулийн байгууллага, ар гэр нь уншвал түүнийг өөрийгөө шатаах аюултай үйлдлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх байх хэмээн нийтэлж байна. - Өөрийгөө галдан шатаана гэдгийг чинь сонсоод ихэд айлаа. Яагаад ийм хүнд шийдвэр хүрэв? - ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэдэг луйварчин намайг маш их хохироосон. Тийм болохоор би өөрийгөө шатаах гэж байна. Намайг шатаад үхвэл бүх монголчууд босно гэж найдаж байгаа. Миний үхлийн дараагаар монголын ард түмэн Д.Нямхүүг шийтгэх болно. Чин үнэнийг хэлэхэд би үнэхээр их гомдолтой байгаа. -ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү та хоёр ямар холбоотой вэ? Та яагаад түүнд залилуулсан гэгдэх болов? -2006 онд Д.Нямхүү зээл чөлөөлдөг байсан юм. Тухайн үедээ төрийн албан хаагч байсан. Тэр үед нь хүнээс дам сонсоод төрийн албан хаагч болохоор нь илүү найдвартай гэж үзээд Д.Нямхүүгээр нэгдүгээр хороололд байдаг дүүгийнхээ хоёр өрөө байраа  чөлөөлүүлж байсан. Дараа нь өөрөө манай ээжийн гуравдугаар хороололд байрлах гурван өрөө байрыг нь чөлөөлөөд өгье гэж гуйсан юм. Би тэгээд 26 саяар чөлөөлүүлсэн. Гэхдээ манай ээжийн байрыг чөлөөлөх гэж өөрийнхөө ээжийн байрыг барьцаанд тавьж байсан юм билээ. Ингэж тэр баяжих луйвраа хийж эхэлсэн. Би Д.Нямхүүгээс хоёр дүүгийнхээ болон ээжийнхээ байрыг авах гэж 10 жил араас нь хөөцөлдөж байна. Нэг удаа хоёр байрны мөнгө гээд 50 сая төгрөг өгөөд хоёулаа өрний асуудлаа дуусгая гэж хэлж үзсэн. Тэр бол мөнгө хүүлэх аргаар  баяжсан хүн. Тэрийг би хаана ч хэлнэ. - Та шүүхэд хандаж үзсэн юм уу? Танд шүүхэд хандаж хохирлоо барагдуулах эрх байгаа шүү дээ. - Би хөлөө хүрэх бүхий л газраар явж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаж үзсэн. Гэхдээ Д.Нямхүү шүүгч нарыг худалдаад авчихсан юм билээ. Улсын дээд шүүхийн шүүгч 2009 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Ц.Амарсайхан, Б.Ундрах нар шүүх хурлын тов зарлахгүйгээр шууд хуралдаж байсан удаатай. Энэ хоёр шүүгч ичих хэрэгтэй шүү дээ. Та хоёр одоо болиоч ээ. - Тэгээд та өөрийгөө шатаавал энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа юм уу? - Монголын ард түмэн намайг өмөөрнө. Намайг ямар шударга хүн болохыг мэдэж байгаа. Бас АТГ, ЦЕГ-ын дарга нарт захиас бичээд энэ сарын 17-ны өдөр шуудангаар илгээсэн. Миний амьд явах арга барагдаж байна. Тиймээс л би  ийм шийдвэрт хүрлээ./уйлав/ - Өөрийгөө шатаах нь амиа хорлосонтой ялгаагүй зүйл. Урьд нь та ЗГ-ын гадна Д.Батзоригийг огцруулах асуудлаар амиа хорлоно гээд том сахлын хутга бариад зогсож байсан. Таныг тэр үед шүүхээс торгосон. Одоо таньд ямар нэгэн шүүхээс оноосон шийтгэл байгаа юу? - Яахав тэр үед намайг шүүхээс жагсаал цуглаан хийх журмыг зөрчлөө гэж торгосон. Би Г.Батбаяр өмгөөлөгчийг дагуулж ороод тэр шүүхийн захирамжийг хүчингүй болгосон. Одоо бол би ямар нэгэн шийтгэлгүй байгаа. -Таныг ийм үйлдэл хийх гэж байгааг гэрийнхэн чинь мэдэж байгаа юу? -Үгүй ээ. Тэд нарт хэлээгүй. Би хоёр хүүтэй. Ээжийгээ шатаж үхсэн гэж мэдвэл тэд нар Д.Нямхүү рүү яаж дайрахыг шууд төсөөлж байна. Би ээжийгээ л өрөвдөж байна. Орох орончгүй болгоод хорвоог орхих гэж байгаа учир хэцүү байна. Гэхдээ үнэхээр цөхөрч байгаа учраас ийм байдлаар цаашид амьдарч чадахгүй. -Хүний амь нас гэдэг хамгийн үнэтэй зүйл. Та заавал өөрийгөө шатаах шаардлагатай эсэхийг дахин нэг бодоорой. Энэ тийм ч зөв алхам гэж санагдахгүй байгаа учраас таныг дахин нэг бодож үзээч гэж хэлмээр байна. -Надад өөр сонголт байхгүй. Тэр луйварчинг шударга үнэнээр шүүж чадахгүй байгаа учраас би үхэх замыг сонгож байна. Д.Нямхүү бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дүгээр зүйлээр ял сонсох ёстой хүн. Тэр бол луйварчин. Тийм болохоор амийг амиар солино. Би үхээд там руу явсаны дараа Д.Нямхүү олон түмний шийтгэлээр миний араас ирэх ёстой. -Ярилцсанд баярлалаа.   Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх