Завхан аймагт Менингококкийн халдвар илэрчээ

Завхан аймагт энэ сарын 18-ны өдөр менингококкт халдвар илэрчээ. Тус аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн Орших гэдэг газар хаваржиж буй айлын таван настай охин гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан зовиуртай байсан тул тухайн өдөр сумынхаа эмчид дуудлага өгсөн байна. Сум, багийн эмч нар өвчтөнд анхны үзлэг хийж, улмаар менингококкт халдвар гэж үзэн, Завхан аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн аж.
Тус аймгийн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, өвчтөнд клиник онош тавьж шинжилгээ, анхан шатны эмчилгээ хийж, хүүхдийн биеийн байдлыг тогтворжуулжээ.
Өвчтнийг өчигдрөөс эхлэн Завхан аймгийн Халдвартын тасагт хэвтүүлэн анхан шатны эмчилгээ хийж эхэлсэн байна. Цаашид оношийг баталгаажуулах нарийн шинжилгээг давтан хийх аж. Халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг байна.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гарагт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх