Б.Чимгээ: Хүүг минь эх барьсан Б.Солонгод маш их баярлаж байна

Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн танхимд амаржсан Б.Чимгээтэй ярилцлаа. Тэрээр одоо Өргөө амаржих газарт тэнхэрч байна. Өчигдөр гурав дахь хүүгээ шүүхийн танхимд төрүүлсэн тэрээр дархан бэр болж байна.
  • Хүү болон таны бие сайн байна уу?
  • Тиймээ. Бид хоёр сайн байгаа.
  • Та хэдэн хүүхэдтэй вэ?
  • Дөрвөн хүүхэдтэй болж байна. Том охиноо 31 настайдаа төрүүлж байсан. Түүнээс хойш гурван жилийн зайтай хоёр хүү төрүүлсэн. Одоо отгон хүүгээ төрүүлчихээд байж байна.
  • Эмчийн хяналтаар та хэдийд төрөх байсан бэ?
  • Уржигдар /2017.03.20/  эмчид үзүүлэх ёстой байсан. Би үзүүлж амжаагүй. Эхогоор миний төрөх хугацааг гуравдугаар сарын 23-24 гэж хэлсэн.
  • Төрөх хугацаанаас хоёроос гурван хоног дутуу байжээ. Та яагаад энэ шүүх хуралд оролцох болсон юм?
  • Миний иргэдийн төлөөлөгчөөр орох ёстой хурал өмнө нь хойшилж байгаад өчигдөр болсон. Тэгээд би шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон юм.
  • Шүүгч нар таныг төрөх дөхсөнийг мэдэж байсан уу?
  • Намайг төрөх дөхсөнийг шүүгчид мэдэж байсан. Гэхдээ шүүхийн танхимд төрчихнө гэж бодоогүй байх. Өмнө нь бага зэрэг дуншиж өвдөөд байсан. Уг нь эмчид үзүүлчихээд явья гэж бодсон ч амжаагүй.
  • Шүүхийн танхимд төрөх үедээ гарч болох эрсдэлээс айж байсан уу?
  • Эгч нь шүүхийн туслахын өрөөнд нь амаржсан. Жаахан эвгүй санагдаж байсан. Гэхдээ яах ч аргагүй болчихсон байсан болохоор өвдөөд байна гээд туслахын өрөөнд нь орсон. 14 цагаас өвдөж эхлээд 14:30 миунтанд төрчихсөн. Түргэн тусламж ирэхийг хүлээж чадаагүй ээ.  Намайг Б.Солонго гэдэг шүүхийн ажилтан эх барьж авсаны дараа дүүргийн эмнэлэгийн эх баригч ирсэн юм.  Хүү маань гарчихаад хэсэг хугацаанд уйлаагүй  байхаа айж байсан. Хүүг нь тасалсаны дараа уйлж эхэлсэн юм.
  • Та богино хугацаанд амаржсан байна. Ер нь ингэж амархан төрдөг үү?
  • Би их хурдан төрдөг. Анх охиноо төрүүлэхдээ ч гэсэн нэг өдөр өвдөөд төрчихсөн. Дараагийн хоёр хүү дээрээ ялгаагүй хурдан амаржиж байсан юм. Одоо гурав дахь хүүгээ өлгийдөж авлаа.
  • Таныг эх барисан Хан-Уул дүүргийн шүүхийн Нарийн бичгийн дарга Б.Солонгод баярлаж байгаа байх?
  • Тиймээ. Б.Солонгод маш их баярлаж байгаа. Тэр үед баярлалаа гэж амжиж хэлж чадаагүй.
  • Гэнэт амаржсаныг тань сонсоод нөхөр нь гайхсан уу?
  • Манай нөхөр өчигдөр сахиж хоносон. Шүүх дээр төрснийг минь сонсоод намайг гадуур “онигоо” болж байна гэж хэлсэн.
  • Хүүдээ нэр өгсөн үү? Хэн гэдэг нэр өгнө гэж бодож байгаа вэ?
  • Нэр өгч амжаагүй байна.  Аав нь нэр өгдөг. Манай хүүхдүүд  А үсгээр эхэлсэн нэртэй. Хоёр хүү маань Ариун гэдэг нэрээр эхэлдэг. Тэгэхээр хүүдээ мөн л Ариун гэсэн үгээр эхэлсэн нэр өгөх байх.
 
  • Ярилцсанд баярлалаа
Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх