Т.Дамдинсүрэн: Ганц хүүгээ бусдын гарт хороолгочихоод ингээд орхиж чадахгүй
Хүүгээ бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөлгөсөн Т.Дамдинсүрэнтэй ярилцлаа. Түүний хүү 19 насандаа харгис хэрцгий нэгний гарт 26 удаа хутгалуулж амь үрэгдсэн юм.
- Шүүх, хуулийн байгууллагаас хүүгийн тань амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд тохирох ялыг оноохгүй хуулийн цоорхой ашиглахаар хуурамч дүгнэлт гаргуулсан гэсэн. Шүүхээс ямар шийдвэр гаргасан бэ?
- 2015 оны арваннэгдүгээр сарын 28-нд ганц хүүгээ Ц.Буяннэмэх гэдэг залууд онц хэрцгийгээр хөнөөлгөсөн. 26 удаа хутгалж хөнөөгөөд Бичлийн 19 дүгээр байрны гадаа машинаасаа буулгаад грашны хажууд хаясан байсан. Миний хүү дөнгөж 19 настай, ШУТИС-ийн гуравдугаар курсийн оюутан байсан юм. Хүүгээ хэрцгийгээр хөнөөлгөснөөс хойш аав нь сэтгэл санаагаар унасаар байгаад удалгүй нас барсан. Тэгэхээр энэ алуурчин нэг биш хоёр хүний амь насыг хөнөөсөн гэсэн үг. Хэрэг гарсны дараа нийслэлийн анхан шатны шүүхээс буруу шийдвэр гаргаж байсан. Харин одоо Улсын дээд шүүхээс хэргийг анхан шатанд буцаагаад байгаа. Анхан шатны мөрдөн байцаалтанд буцаагаад мөрдөн байцаагч нь БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч н.Уламбаяр Шар хадны эмнэлэгийн дүгнэлтийг үндэслэж зүйл ангийг онц ноцтой хүн амины хэргээр хөнөөсөн буюу Эрүүгийн хуулийн 91.2 дахь заалтад хүний амийг санаатайгаар буюу шунахайн сэдэлтээр хөнөөх гэсэн зүйл ангиар шийдэх байсан. Гэтэл “алуурчин” батлан даалтаар гарч ирээд “Шар хад”-ны эмнэлэгийн актыг өөрчлүүлчихсэн.
- Шар хадны эмнэлэгийн дүгнэлт эхлээд юу гэж гарсан бэ? Түүнийг яаж өөрчлүүлсэн юм?
- Эхлээд Ц.Буяннэмэхийг энэ хэргийг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл энэ хүн батлан даалтанд гарч ирээд Шар хадны эмч нараас дахин өөр дүгнэлт гаргуулсан юм. Энэ хэргийг үйлдэх үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан гэсэн дүгнэлт гаргуулсан. Гол нь хуулийн цоорхойг ашиглаж ял эдлэхгүй гээд ийм дүгнэлт гаргуулж байгаа юм. Эсвэл Шар хадны эмнэлэг хуулийн заалтыг шийддэг болчихож. Надад ийм л ойлголт төрж байна. Мөрдөн байцаагчаас яагаад ингээд Шар хадны эмнэлэгээс өөр өөр дүгнэлт гаргаад байгааг асуусан. Энэ Ц.Буяннэмэх танил тал ихтэй, мөнгөтэй хүн болохоор намайг дээрэлхэж байна. Шүүх цагдаагаас үнэн зөв шударга шийдвэр гаргахгүй бол би хувийн арга хэмжээ авч амийг амиар солино. Газар дээрх ганц хүүгээ бусдын гар сүглүүлж хороолгочихоод би ингээд орхиж чадахгүй.
- Ц.Буяннэмэхийг та хэр сайн мэдэх вэ? Ямар хүн байдаг юм? Таны хүү танил байсан уу?
- Хүүг минь хороосон Ц.Буяннэмэх бол хувийн компанид ажилладаг, талийгаач хүүгээс маань маш олон насаар ах. Хоёр хүүхэдтэй, эхнэртэй залуу байдаг юм билээ. Тэгээд дэлгүүр дотор хүүтэй минь танилцаад дагуулаад гарч байгаа бичлэг нь бол байгаа. Бидний хувьд бол энэ залууг таньж мэддэггүй байсан. Гэтэл газар дээрх ганц хүүг минь онц хэрцгийгээр хороосонд маш их гомдолтой байна.
Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх