Угаалгын машин, зурагттай байсан ч хүүхдийн мөнгө авах боломжтой

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа маргааш орон даяар эхэлж дөрөвдүгээр сарын 9-нд дуусна. Тус судалгааны талаар иргэдэд угаалгын машин, зурагттай бол амьжиргааны түвшин дээгүүр тооцогдож хүүхдийн 20 мянгаас хасагдана гэсэн ташаа ойлголт байдаг. Гэвч өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар тусгайлан бэлдсэн 53 асуултыг асуух бөгөөд асуултын хариултаас амьжиргааны түвшинг тодорхойлох ажээ. Түүнээс тухайн айл угаалгын машин, зурагт, автомашинтайгаас хамааран амьжиргааны түвшин нь шууд тодорхойлогдохгүй гэдгийг өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан юм. Мөн энэ удаагийн судалгааг бусад салбартай хамтран зохион байгуулахаар болжээ. Учир нь иргэд машинтай хэрнээ машингүй гэх зэргээр зорилтот асуултанд худал хариулах тохиолдол их гардаг байна. Тиймээс хариултыг тулгаж үнэн худлыг шалгах аж. Энэ удаагийн судалгаанд нийт иргэдийн 81.3 хувь нь хамрагдах юм байна. Судалгаа хийх 7900 ажилчинг сургаж бэлджээ. Мөн тус судлагааг явуулахаар 4.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. “Төсөвлөсөн мөнгө 7900 ажилчдын урамшуулал, урсгал зардал зэрэг зүйлд зарцуулагдана” гэдгийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа хэллээ. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх