“Баталгаатай зээл олгоно” гэх интернэт луйвраас болгоомжил

Фэйсбүүк хуудсанд “Баталгаатай зээл олгоно” гэсэн гадаад иргэний зар ихээр бичигдэх болсон. Энэ талаар учир мэдэх нэгнээс тодруулахад: Энэ нь интернэт сүлжээ ашиглаж явуулдаг луйвар гэдгийг хэлж байсан юм. Тэрээр хэлэхдээ эхлээд шимтгэл мөнгийг зээл хүссэн иргэнээс аваад дараа нь дахин хариу өгөхгүйгээр усанд хаясан чулуу шиг алга болчихдог луйвар байгаа. Тиймээс иргэд энэ зүйлээс хол, болгоомжтой байх хэрэгтэй гэлээ. Энэхүү луйврын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, үнэхээр зээлийн баталгаа урьдчилж аваад залилдаг эсэхийг баталхаар [email protected] гэсэн мэйл хаягаар нь захидал бичсэн юм. Таван сая төгрөг зээлэхийг хүссэн захидлыг минь хүлээн авсан бөгөөд 24 цагийн дараа зээл олгох талаар хариу өгнө гэлээ. Хэлснээрээ 24 цагийн дараа “Танд зээл олгох боломжтой” гэсэн хариу ирсэн. Захидалд бичсэнчлэн таван сая төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэйгээр олгоно гэсэн байв. Харин сарын төлөлт  145 мянга 406 төгрөг байхаар тооцоололт бүхий захидал ирүүлсэн байлаа. Хамгийн чухал нь таван сая төгрөгийн шимтгэл 350 мянган төгрөгийг зээл олгох гэж байгаа гадаадын компанид эхлэн тушаах ёстой. 350 мянган төгрөгийг шилжүүлсэний дараа таван сая төгрөгийг таны дансанд шилжүүлнэ гэдгийг эелдэгээр учирласан байв. Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн: Энэ бол шууд луйвар байна. Иргэд өөрсдөө санхүүгийн жаахан ч гэсэн мэдлэгтэй байх ёстой. Битгий, энэ бол луйвар шүү гэж анхааруулж хэлсээр байтал залилуулчихсан байдаг. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад тодорхой шат дараалал шалгууртай. Хуулиндаа ч гэсэн заагаад өгчихсөн байдаг. Гэтэл чамайг огт хараагүй, танихгүй, биеийн байцаалт, зээлийн чадварыг судалж үзээгүй байж зээл олгоно гэдэг бол байж боломгүй явдал юм. Нэн ялангуяа эхлээд зээлийн шимтгэлээ төлөөд дараа нь зээлийн мөнгө данс руу орно гэдэг бол худлаа зүйл шүү. Иргэдийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурлан “чихэн дээр нь цэцэг ургуулах” адил сайхан нөхцөл боломжоор сэтгэлийн нь татаж зээл олгох нэрийдлээр залилан хийж байгаа гадаадын иргэдээс болгоомжтой байх нь иргэн бүрийн өөрийн үүрэг юм. Таньж, мэдэхгүй гадаадын иргэнээс зээл авна гэж найдаад зээлийн баталгаагааа шилжүүлж залилуулвал тухайн иргэн өөрөө хохироод хоцрох учир иймэрхүү зүйлд итгэх хэрэггүй. Т.Сайхан    

Сэтгэгдэл үлдээх