29 дүгээр сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагаар шалгуулахыг хүслээ

СБХ-ийн 29 дүгээр тусгай сургуулийн тухай цочирдом мэдээллийг мэдээ.мн сайтад энэ сарын 1-ний өдөр нийтлэгдсэн. Тус нийтлэлд 29 дүгээр сургуулийн тодорхой багш нар эмэгтэй сурагчдыг  хүчирхийлдэг, эрэгтэй сурагчдаа зоддог, багш нар нь архи уудаг, залуу багш нар нь хоорондоо бэлгийн харилцаанд ордог гэсэн мэдээлэл гарсан юм. Тэгвэл энэ мэдээллийн талаар өнөөдөр 29 дүгээр сургуулийн зүгээс байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ. Нийгмийн ажилтан Р.Буянжаргал: Уг мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг  манай сургуулийн бүрэн камержуулсан байдал, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид сургууль дээр байдаг, улсын болон олон улсын байгууллагуудаас байнга шалгалт хийдэг нээлттэй сургууль гэдгээр батлах боломжтой. "Гуравдугаар сарын 27-нд сурагчид багш нар дохионы хэлээр хичээл заахгүй байна гэсэн шаардлага ирүүлсэн. Манай сурууль дээр боловсролын комиссоос шалгалт ирж ажилласан. Хариу нь хараахан гараагүй байгаа. Манай сургууль, дотуур байрны орчин бүрэн камержсан.Сургалтын үйл ажиллагаа кабинетын системээр явагддаг. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар сургалтын үйл явцад байнга хяналт тавьж ажилладаг. Иймээс сургуулийн орчинд ийм бусармаг үйл явдал болоогүй, болох ч үндэс байхгүй. Бид хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байна.  Үүнийг бол хууль хяналтын байгууллагынхан тогтооно. Мөн тэдний зүгээс “www.medee.mn сайтын сэтгүүлч У.Уранцэцэгийн мэргэжлийн ёс зүйгүй үйлдлээс болж манай сургуулийн нийт багш нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Манай сургуулийн нийт 70  багштай. Тэдгээрийн 30-40 хувь нь залуу багш нар бий. Тэднийг хоорондоо бэлгийн харилцаатай гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичихээр тухайн багш нарын ар гэрт нь ямар санагдах вэ?. Тэд бүгд  гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүс байдаг. Ийм зүйлээр  бусдыг гүтгэж баталгаагүй мэдээлэл цацсан тус сэтгүүлчид хариуцлага тооцохыг харъяа байгууллагаас нь хүсэж байна” гэсэн юм. Түүнчлэн өөрсдийн хүсэлтээр цагдаа, хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж шалгуулна. Хэрэв ийм бусармаг үйл явдал байгаа бол шалгалтаар тогтоогдоно. Сургуулийн зүгээс ийм асуудал гардаггүй учир бид шалгуулахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ. 29 дүгээр сургуулийн тойрсон энэ асуудлын хүрээнд илүү дэлгэрэнгүй тэнцвэртэй мэдээллийг эргэн хүргэх болно. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх