Монгол Улсыг санхүүгийн хямралаас гаргах ойрын хугацааны боломж байсан ОУВС-ийн зээл олгогдох боломжгүй гэдгийг өнгөрсөн баасан гарагт хуралдсан захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэжээ. ОУВС-аас манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хойшлуулах шийдвэр гаргасан учир нь:
  1. Энэ оны Төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын тогтоолд, хөрөнгө оруулагчдад таатай бус заалт орсон. Оюутолгой зэрэг гадны хөрөнгө оруулагчдын гүйлгээг Монгол банкаар дамжуулж, эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирнэ гэж дээрх тогтоолыг баталсан. Шийдвэрийг эргэж харахыг ОУВС-аас Монгол Улсын Засгийн газарт зөвлөсөн.
  2. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд тогтоолыг өөрчлөх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн.
3. Иргэний нийгмийн байгууллагуудын эсрэгүүцэл тус хөтөлбөрийг хойшлуулахад нөлөөлжээ. Ард түмний онц зөвлөл буюу оффшорчдын эсрэг тэмцэгчид ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт өнгөрсөн сарын сүүлээр хүргүүлсэн шаардах бичигт “…Монгол Улс өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн 5.5 тэрбум төгрөгийг авсан ч эдийн засгийн хувьд сайжрахгүй. Танай байгууллагаас зээлсэн мөнгийг манай улсын мөнгө угааж сурсан эрх баригчид нэг зоос ч үлдээхгүйгээр та бүхний гайхширлыг төрүүлтэл эрээ цээргүй завшина... Энэ бүхний эцэст та нарын өрийг монголын ард түмэн хэдэн үеэрээ зовж, газар нутаг, тусгаар тогтнолоороо төлөх болно. Үүнийг ард түмэн бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд зэвсэг барин тэмцэх замыг сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Тиймээс Монгол Улсыг өртгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамруулахгүй байхыг шаардаж байна. Хэрэв зээл олговол бид олон улсын эрүүгийн шүүхэд хандах болно. Самурай, Чингис бондын таван тэрбум долларыг хоёрхон жилийн дотор үрж дуусгасан бөгөөд хэн ч хариуцлага хүлээгээгүй гашуун түүхийг та бүхэн давтахгүй байгаасай гэж хүсэж байна…” гэсэн байдаг. Олон улсын валютын сангаас 440 сая ам.долларын зээл авах сургаар эрх баригчид өрийн дарамтнаас гарна, төсвийн сахилга бат сайжирна, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж, МУ-ын  эдийн засаг сэргэнэ гэж тайлбарлаж байсан. Эцэст нь боломж ирсэнгүй. Одоо яах вэ? гэх асуудал энэ хаврын чуулганы гол сэдэв болж, төрийн түшээд санаагаа чилээх нь. Ингэж эдийн засгаа сайжруулахын тулд бүсээ чангалах нь нэг талаар зөв ч гэсэн, Монгол улс өмнө нь авсан зээлээ бүрэн төлж дуусаагүй. Олон улсын хурал чуулганаар зээл, хандив,тусламж гуйж байгаа нь улсын нэр хүндийг өдөр ирэх бүр дордуулж байна. Монгол Улсын нийт өрийг дахин сануудлахад  Чингис бондын 1.5 тэрбум америк доллар, Самурай бондын 30 тэрбум иенийг төлөөгүй. Энэ өр Монгол Улсын иргэн бүрт хамаатай юм. Т.Сайхан    

Сэтгэгдэл үлдээх