Тав хүртлэх жил жолоо барьсан жолооч нар зам тээврийн осол их гаргадаг

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог, мэргэжлийн ур чадварын төвшинөөс ихээхэн хамааралтай гэж үздэг. Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийг жолооч болсон жилээр нь судалгаа хийхэд 0-5 жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг. Тэдний хувьд хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрмийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагддаг байна. Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой ажээ. Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар, анхаарал нь харьцангуй сул байдагтай холбоотой юм. Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд 18-29 насны залуу хүмүүс зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг байна. Монгол Улсын хэмжээнд 790,000 гаруй тээврийн хэрэгсэл, 1,400,000 орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Т.Сайхан

Сэтгэгдэл үлдээх