Шилэн хаалганаас дорд үзэгдсэн иргэд жагсаж байна

Одоогоос таван жилийн өмнө гэр хороололын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд газраа чөлөөлж өгсөн иргэд өнөөдөр Ардчилсан намын төв байрны гадна жагсаал хийлээ. Тэд таван жилийн турш хамаатан садны айлаар хоног төрүүлж, үр хүүхэд нь цэцэрлэг, сургуулиас завсардаж цаашид тэвчин хүлээхэд хэцүү болсон учир ийнхүү жагсаж байна. Иргэд “Гранд Лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай гэрээний үүргээ биелүүл, Э.Бат-Үүл даргаа хариуцлагаа хүлээж гэрээний үүргээ биелүүл, орох оронгүй гудамжинд таван жил амьдарлаа, иргэдийг хохироосон хариуцлагаа ухамсартайгаар хүлээн зөвшөөр гэсэн бичиг барин жагсаж байсан юм. СБД-ийн 12-р хорооны иргэн Чука: Бид таван жил хүлээж болсон юм чинь энд хэдэн өдөр ч жагсаж чадна. Бидэнд хариу өгч, хариуцлагаа хүлээтэл нь жагсана. Айлаас айлын хооронд 7 ам бүлээ дагуулаад хоног төөрүүлж явах хэцүү байна гэсэн юм. Мөн жагсаж байгаа 90 орчим иргэд адил зовлонтой байгааг дуу нэгтэй хэлж байлаа. Харин холбогдох албаны хүнээс тайлбар авах гэсэн боловч жагсаал хийж байгаа иргэд шилэн хаалгыг нь хагалчих вий гэж айсандаа хамгаалуулсан хамгаалалтын албаны ажилчид Ардчилсан намын төв байр руу оруулсангүй. Хамгаалалтын албаны ахлах ажилтан нь “О.Магнай жагсаж байгаа иргэдтэй уулзаж тайлбар хийсэн. Манай хамгаалалтын албаныхан хаалганы шил хагалахаас хамгаалж байна. Дотогш оруулах боломжгүй” гэлээ. Сэтгүүлчдийг дотогш оруулсангүй хэмээн жагсаж байсан иргэд дайрхад хамгаалалтын албаныхан цагдаагийн байгуулагад дуудлага өгч дуудлагын дагуу СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар ирсэн юм. Ардчилсан намын төв байрны хамгаалалтын албаны ажилчид "сэтгүүлч жагсаж байсан иргэдийн өдөөн турхирч байгууллагын хаалганы шил цуулсан учир гомдолтой байна. Хохирлыг нь сэтгүүлчээс гаргаж өгнө үү" хэмээн цагдаагийн алба хаагч нарт хэлж байсан юм. Ховд аймгаас гаралтай компанийг өөрийн хүү Б.Чулуудайн нэр дээр болгож гэр хороололын дахин төлөвлөлтийн тендер авч өгсөн Э.Бат-Үүл дарга болон түүний хүү Б.Чулуудай, УИХ гишүүн Д.Арвин нар таван жилийн турш эдгээр иргэдийг орох орон гэргүй амьдруулахдаа ингэж санаа зовоогүйн лавтай. Гэтэл олон хүнийг гудамжинд хөөн гаргаж, газрыг нь уран сайхан үгээр хуурч авсан үйлдэлдээ гэмшихгүй, тэднийг гудамжинд амьдруулахдаа санаа нь зовоогүй атлаа шилэн хаалгаа хагархаас айжээ. https://www.facebook.com/www.Tug.mn/videos/1929980340570552/ Т.Цолмонсайхан Зургийг: П.Отгонбаяр  

Сэтгэгдэл үлдээх