Х.Баттулгыг намын Их хурлаар батламжилах уу?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхэмүүдийн нэр тодроод байгаа. Үүний нэг нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд ад зэд, хүчээ үзэхээр “Женко” Х.Баттулга тодорсон. Тэрээр энэ сарын 3-ны өдрийн Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгаар нийт 2740.9 оноогоор тэргүүлж, нэр дэвшигчээр нэрлэгдээд байгаа юм. Гэвч өнөөдөр түүнийг намын хэмжээнд нь дахин нэг босго шүүлтүүр хүлээж байгаа. Учир нь тус намын Үндсэн дүрмийн заалтын дагуу түүний нэрийг намын Их хуралд өргөн мэдүүлж батламжлах ёстой. Энэ хүрээнд намын наймдугаар Их хурлаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж баталгаажуулна гэсэн үг.
Ингэх нь Сонгуулийн Ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо хувь, дэмжсэн, дэмжээгүйгээр нь гаргаж баталгаажуулж Сонгуулийн Ерөнхий хороонд мэдүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлж буй хэлбэр юм. Тэгэхээр хуулийн дагуу нууц санал хураалт явагдана.
Өнөөдөр хуралдах энэ Их хурлаар дээрх асуудлаас гадна Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг батламжлахаар төлөвлөжээ.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх