Монгол Улсын Ерөнхийлөгчид горилогч гурван өөр өнгө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болох бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг тавдугаар сарын 17-ний дотор нийтэд мэдээлнэ. Хэрвээ тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох учиртай. Өнөөдрийн байдлаар МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болоод байна. М.Энхболдын хувьд 1982 онд Нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1987 онд Монгол Улсын Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Орос хэлтэй. Ажлын гараагаа  Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар эхлүүлж байсан нэгэн. Ажил амьдралын замнал нь нийслэлтэй салшгүй холбоотой. Газрын наймааны загалмайлсан эцэг хэмээгддэг нэгэн. Өдгөө МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар ажиллаж буй. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн. Зураач мэргэжилтэй тэрбээр улстөрд харьцангуй сүүлд орж ирсэн.  2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар аижллаж байхдаа төмөр замын асуудалтай нэлээн барьцтайхан зууралдсан гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй. Товчхондоо Монгол Улсын Ерөнхийлөгчид анх удаа бүрэн дунд боловсролтой хүн нэр дэвшиж байгаа тохиолдол юм. Тэгвэл МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй бөгөөд 1985 онд МАХН-д гишүүнээр элссэн.  1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан.1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө  сонгогдсон. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсан юм. Хожмоо МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон нэгэн. Бас шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хоёр жил зургаан сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг эмчлүүлж өнгөрүүлсэн. Ийм л гурван өөр өөрийн онцлог, содон намтартай эрхмүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл үлдээх