Булган аймагт байгалийн аюулт үзэгдэл болжээ

Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар энэ сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд 22 м/сек салхилж, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхитай мөндөр, аадар бороо оржээ. Борооны улмаас үер бууж Орхон, Булган аймгийн чиглэлийн өндөр хүчдэлийн 13 тулгуур унасан байна. Түүнчлэн Булган аймгийн нийт нутгаар эрчим хүч тасарсан аж. Тус аймгийн Орхон сумын Халиун, Мааньт баг, Булган сумын 40 өрхийн 1320 мал аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхсэн байна. Мөн 23 өрхийн гэр салхинд нурж, дахин ашиглах боломжгүй 15 гэр хэмхэрсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргаар ахлуулсан Онцгой байдлын комиссынхон тухайн газар дээр нь шуурхай хариу арга хэмжээ авчээ. Орон гэргүй болсон 2 иргэнд гэр олгосон байна. Мөн Улаанбаатар хотоос 10 гэр татах ажлыг зохион байгуулж, хорогдсон 1320 малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээд байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллэж байна. Т.Цолмонсайхан  

Сэтгэгдэл үлдээх