Азийн хөгжлийн банк хотын удирдлагуудаас залхаж байна

Азийн Хөгжлийн Банкны зүгээс нийслэл хотын утааг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн турш БНСУ болон дотоодын компаниудаар судалгаа хийлгэн Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Толгойт зэрэг газруудад дулаан хангамж, цэвэр бохир усны дэвшилтэт технологи бүхий дэд станцууд байгуулан гэр хороолын нийт өрхүүдийг төвийн системд холбож Улаанбаатар хотын утааны асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн Техник эдийн засгийн үндэслэлийг хэдэн жилийн өмнө боловсруулжээ.
Энэ ажлын хүрээнд хотын өмнөх удирдлагууд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих” хөтөлбөрийг батлан төслийн нэгж байгуулан гэр хорооллын дулаан хангамж, цэвэр бохир усны системд холбохоор Азийн хөгжлийн банктай тохиролцон санхүүжилтийн асуудлыг шийдсэн байна.
Төслийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 6 буудал орчмын айл өрхүүдийн дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор 30MW хүчин чадал бүхий Сэлбэ дулааны станц байгуулах тендерийг өнгөрсөн онд зарласан. АХБ санхүүжилтийг өгөхөөр гэрээ байгуулсан байна. Энэ тендерт гадна дотны хэд хэдэн компани оролцохоор материалаа ирүүлсэн ч тендерийн хугацааг удаа дараа сунгаж энэ ажлыг гацаасаар багагүй хугацаа өнгөрчээ.
Улаанбаатар хотын захиргааны зүгээс БНХАУ-ын нэгэн компанийг шалгаруулахаар болсон ч тус компани нь БНХАУ-ын шүүхээс их хэмжээний өр төлбөртэйд тооцож, дампуурлыг нь зарласан компани байсан нь илэрчээ. Шалгарсан компани нь “дампуу” байснаас болж тус ажил зогсонги байдалд орж цаашдаа яах нь тодорхойгүй болоод байгаа ажээ. Гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхэд чухал алхам болох энэ ажил цагтаа эхэлсэн бол эхний ээлжинд 32-ын тойргоос 7 буудал хүртэлх бүх айл өрх төвийн дулаанд холбогдож, цаашлаад дараагийн дэд төслүүд болох Баянхошуу, Дэнжийн мянга орчмын айл өрхүүдийн төвийн дулаан, цэвэр бохир усны шугаманд холбогдох боломж нь нээгдэх байв.
АХБ-ны удаа дараалан хотын удирдлагуудтай энэ ажлаар уулзаж ажлаа яаралтай эхлүүлэхийг хүссэн боловч хариу өгөлгүй өдий хүрчээ. Учир нь хотын захиргаанд АХБ-ны бодлого үйл ажиллагаатай уялдан ажиллах чадвартай, англи хэлтэй боловсон хүчний нөөц байхгүй гэдгийг тус банкныхан ярьдаг байна. ТЭЗҮ нь бэлэн, санхүүжилт бүрэн шийдэгдсэн энэ ажлыг гацаасаар байвал Азийн Хөгжлийн Банк санхүүжилтийн гэрээгээ цуцлах нөхцөл бүрдэж байгаа бололтой байна. Энэ бүхний хохирогч нь мэдээж Улаанбаатар хотын гэр хорооллийн иргэд. Одоо л нэг халаалт дулаантай болж хүн шиг амьдрах нь гэсэн тэдний хүлээлт “үлгэр” болох нь. Тун удахгүй утааны улирал эхлэхийг хотын удирдлагууд мэдэж байлтай.
Сэтгэгдэл үлдээх