Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн-Баян-улаан тосгоны ойролцоо тавдугаар сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхсэн тухай мэдээлэл иржээ. Үүний дагуу “Монголын зэрлэг амьтдыг хамгаалах төв”-ийн судлаачид газар дээр нь очиж ажилласан аж.
Судлаачид тосгоны төлөөлөлтэй хамт судалгаа хийх явцад нийт 15 өвөгт тогоруу, нэг хондон ангир үхсэн байхыг олжээ. Түүнчлэн судалгааны ажил дууссанаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийсэн байна.
Өөр хаана, хэчнээн тооны хөхтөн, шувууд үхсэнийг мэдэхгүй. Энэ бол байгаль экологийн маш том аюул юм
Үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад “бромадиолин” хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрчээ. Үүнтэй төстэй асуудал 2002 онд манай оронд тохиолдож олон тооны тогоруу болон бусад шувуу, махчин амьтад, мөн хоёр хүүхдийн амь хүртэл эрстсэн тохиолдол бий.
Энэ жил улсын төсөвт ихээхэн хэмжээний төгрөг бэлчээр хамгаалах нэрийн дор мэрэгч амьтдыг устгах хоронд төсөвлөсөн. “Бромадиолин” бодисыг буруу хэрэглэсэн тохиолдолд ямар ч бүлээн цуст амьтдыг үхэлд хүргэх эрсдэлтэй аж.
“Дээрх шувуудаас гадна өөр хаана, хэчнээн тооны хөхтөн, шувууд үхсэнийг мэдэхгүй. Энэ бол байгаль экологийн маш том аюул юм. Иймд БОАЖЯ болон ХХААХҮЯ энэ асуудлыг анхааралдаа аван зохих шугамаар асуудлыг шийдэж өгнө үү” хэмээн “Монголын зэрлэг амьтдыг хамгаалах төв”-өөс уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх