Яагаад бүгд ижил байдлаар хувцасладаг вэ?
Хөл хорионд орсон байгаа энэ үед бид гэртээ хийж болох бүхий л зүйлсийг туршиж, интернет орчинд дэлгэрч байгаа бүх л трендэд өөрийн эрхгүй татагдаж байна. Үүний хамгийн том жишээ бол TikTok юм. Уншигч та хэдэн настай байсан ч хамаагүй аль хэдийнэ TikTok гэж юу болох талаар ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна. Өнгөцхөн харахад энэ нь зөвхөн Gen Z буюу 1995 оноос хойш төрөгсдөд зориулагдсан апп мэт санагдах боловч апп-ийг тухтай оролдоод үзвэл энд Белла Хадидаас эхлээд Женнифер Лопес хүртэлх бидний хайртай А зэрэглэлийн алдартнууд, загварын орднууд, брэндүүд, уран бүтээлчид гээд бүгд бий. Хамгийн гол нь тэд зөвхөн бүжиг гэлтгүй хөгжилтэй, сонирхолтой, бүтээлч контентууд үйлдвэрлэж байгаа нь үзэгч биднийг хором ч уйдаахгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн мэдээж хүссэн хүн бүр өөрөө контент бүтээж, бүжиг сурч, өөрийн бүтээлч байдлыг хөгжүүлэх бүрэн боломжтой.
Харин загварын хувьд TikTok ертөнцөд тодорхой хэдэн дүрэмт хувцас байдаг нь хэдэн бичлэг гүйлгэж үзэхэд л илт ажиглагдана. Ихэнх тиктокерууд хоорондоо ижил байдлаар хувцасладаг төдийгүй уг апп дотор өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгал, трендүүд ноёрхдог билээ. Тодруулбал TikTok-д бүжгийн хөдөлгөөнүүд давамгайлдаг учир контент бүтээгчид хөдөлгөөнд саад болохгүй, сул, тухтай атлаа галбир тодотгох загваруудыг илүүд үздэг байгаа.
Tie-Dye эффекттэй хувцас
Тиктокерууд tie-dye эффекттэй бүхий л зүйлсэд дуртай ба ихэнх нь гэрийн нөхцөлд энгийн хувцаснууддаа tie-dye эффект оруулах заавар бичлэгүүдийг оруулдаг.
Кроп топ
Кроп топ буюу богино топ нь тиктокеруудын хайртай бас нэгэн тренд юм. Кроп топ нь бидний бэлдсэн энэхүү жагсаалтад орсон леггинс, өндөр суудалтай жийнсэн өмд зэрэг бусад хувцаснуудтай төгс зохицдог тул TikTok дээрх бараг бүх бичлэг дээр кроп топ үзэгддэг байгаа.
Том, сул бэлтгэлийн цамц
Бэлтгэлийн цамцны хувьд тиктокерууд аль болох том, сул загварыг сонгодог. Сул цамц нь мэдээж биед эвтэйхэн байдгаас гадна бүжгийн үеэр анхаарал татаж, гоёмсог харагддаг онцлогтой юм.
@zoifishh THANK YOU SO MUCH FOR 1 MIL FOLLOWERS AND 10 MIL LIKES I LOVE YOU GUYS THIS IS CRAZY AHH?❤️❤️ (dc: @keke.janajah)
♬ Savage - Megan Thee Stallion
Өндөр суудалтай, уранхай жийнсэн өмд
Жийнсэн өмд нь хэзээ ч, хаана ч тренд хэвээр байсаар ирсэн, одоо ч байгаа, бүх цаг үеийн сонгодог загвар мөн хэдий ч тиктокерууд ялангуяа дуртай билээ. Өндөр суудалтай, уранхай дизайнтай бол бүр ч төгс.
Өндөр суудалтай леггинс
Кроп топ + леггинс, сул бэлтгэлийн цамц + леггинс, цээживч + леггинс гээд өндөр суудалтай леггинстэй бүх төрлийн хувцас зохицдог төдийгүй хүссэн хөдөлгөөнөө хийх бүрэн боломжтой байдаг тул тиктокерууд дурлах нь аргагүй биз ээ.
Хоёр өнгийн хувцас
Энэ нь маш хачирхалтай тренд хэдий ч TikTok ертөнцөд яагаад ч юм өргөн дэлгэрсэн байдаг. Хоёр өөр хувцсыг нийлүүлээд оёчихсон мэт харагдах ийм төрлийн загвар нь хүний анхаарлыг нэн даруй татдаг тул ийнхүү тренд болсон байх магадлалтай.
Сэтгэгдэл үлдээх