Мэс заслын бус аргаар хамрын хэлбэрийг өөрчлөх 4 процедур

Мөн ямар нөхцөлд мэс засал хийхээс өөр сонголтгүй байдаг вэ

Филлер, ботокс ба липолитикийн тарилга, утас татах процедур зэрэг мэс заслын бус аргуудын тусламжтайгаар хамрын хэлбэрийг засах боломжтой. Хамрын нурууг нарийсгахаас эхлээд үзүүрийг нь өргөх гээд маш олон төрлийн засвар хийж болдог байгаа. Энэ бүгдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэс засалчид болон арьс ба гоо сайхны эмч нараас тодрууллаа.

Филлерийн тарилга бол хамгийн универсал арга

Хамрын хэлбэр өөрчлөх мэс заслын бус аргачлал нь багахан хэмжээний дутагдлыг засахад зориулагдсан байдаг. "Хамрын тэгш бус хэлбэр, хонхойж, хазайж, товойсон хэсгүүд, монхор хамар зэргийг засах боломжтой. Мөн мэс заслын үр дүнд үүссэн дутагдлуудыг ч засаж болдог" хэмээн Aging Control эмнэлгийн арьсны эмч Алина Колупаева ярилаа.

"Тарилга нь хамрын ерөнхий хэлбэрийг нарийсгаж, өргөсгөхөөс гадна нурууны хэсгийн өргөнийг өөрчилж, өндөрсгөж, хамрын нүхнүүдийн хоорондох хэсгийн хэлбэрийг өөрчилж, үзүүрийг нь өргөх чадвартай. Үл ялиг монхор хамартай хүмүүст тарилгын арга нэн тохиромжтой. Энэ нөхцөлд тарилгыг асуудалтай хэсгийн дээр болон доор хийж, ерөнхий хэлбэрийг нь тэгш болгож өгдөг. Мөн филлерийн ачаар хазайсан хамрыг өөгүй тэгш болгох боломжтой" гэж мэс заслын эмч Андрей Выговский тайлбарлалаа.

Монхойсон хэсгийг арилгах боломжгүй. Филлерээр зөвхөн шаардлагатай хэсгүүдэд нэмэлт эзлэхүүн бий болгож, хамрыг өндөрлөх байдлаар тэгшлэх боломжтой юм. "Багахан хэмжээнд монхойсон хамрыг ойр орчмын хонхойсон хэсгийг дүүргэснээр тэгшилж болно. Харин хүнд хэмжээний монхор хамрыг мэс заслын бус аргаар засах боломжгүй" хэмээн Премиум эстетикс эмнэлгийн арьс ба гоо сайхны эмч Анастасия Шарова хэллээ.

Тарилга хийлгэсэн нөхцөлд үр дүн нь жил хүртэлх эсвэл заримдаа үүнээс илүү удаан хугацаанд хадгалагддаг. "Тарилгын аргачлалд наалдамхай чанартай гиалуроны хүчил агуулсан филлер ашигладаг бөгөөд багахан хэмжээний тэгш бус байдлыг засахад зориулагдсан юм. Филлерийг зүү эсвэл хөндий зүү ашиглан хамрын үзүүр эсвэл нуруу хэсэг рүү тарьдаг байгаа" гэж Алина Копулаева ярьж байна.

Процедурыг эхлэхээс өмнө өвчин намдаагч тос түрхдэг ч, таагүй мэдрэмж төрж, нүднээс нулимс гарах нь хэвийн үзэгдэл юм. Хамрын хэсэг дахь цусны эргэлтийн тогтолцоо маш нарийн байдаг тул некроз, ишемия, хэвийн бус хаван гэх зэрэг хүндрэл үүсэхээс сэргийлэх үүднээс судалгаа сайтар хийж, аль болох өндөр түвшний мэргэжлийн эмч сонгоорой.

 

Сэтгэгдэл үлдээх