Сүши бол дэлхий даяар маш алдартай, олон хүмүүсийн дуртай хоолны нэг. Гэхдээ тайваньчууд үнэгүй сүши идэхийн тулд нэрээ хүртэл өөрчилж байна гэнэ. Сүүлийн өдрүүдэд нэрээ “Яргай загас” гэж өөрчлөх хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа тул Тайванийн Дотоод хэргийн яам Лхагва гаригт /2021.03.17/ мэдэгдэл гаргаж, нэрээ солихоосоо өмнө сайтар бодож үзэхийг иргэддээ уриалжээ.
Тайваньд алдартай “Sushiro” хэмээх сүши ресторан Даваа, Пүрэв гаригийг дуустал нэрэнд нь “鮭魚”буюу “Яргай загас” гэсэн ханз орсон бүх хүмүүст үнэгүй үйлчлэх урамшуулал зарласан байна. “Яргай загас” гэсэн ханз орсон нэртэй хүн иргэний үнэмлэхээ үзүүлээд өөрөөсөө гадна тав хүртэлх хүн дагуулж тус ресторанаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй гэж рестораны урамшууллын журамд заажээ.
Харин энэ урамшуулал зарлагдсанаас хойш Дотоод хэргийн яаманд нэрээ “Яргай загас” гэж солиулах хүсэлтэй 150 гаруй хүн өргөдөл өгчээ. Тайванийн хуулийн дагуу тус улсын иргэн амьдралдаа гурван удаа нэрээ солиулах боломжтой байдаг аж. Нэрээ амжилттай солиулж, урамшуулалд амжиж хамрагдсан иргэд дахин өөрийн жинхэнэ нэрээрээ үнэмлэх захиалахаар дараалал үүсгээд байгаа гэнэ.
Сэтгэгдэл үлдээх