Умард Солонгосын дүрвэгч Британийн сонгуульд өрсөлдөж байна

Одоогоос 16 жилийн өмнө БНАСАУ-ын хорих лагерийн гадна үхлүүт шахам хаягдаж байсан Жи Хён Пак энэ оны тавдугаар сард зохион байгуулагдах орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын улс төрийн түүхэнд нэрээ үлдээх болжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Пак 2008 оноос хойш Английн умард хэсгийн Бюри тосгонд амьдарч буй бөгөөд орон нутгийн засгийн газарт төлөөлөгч болон сонгогдвол хөршүүдийнхээ өөрт нь үзүүлсэн сайхан сэтгэлийн ачийг хариулахаа амлаж байгаа аж.

Тэрбээр энэ оны тавдугаар сарын 6-нд болох орон нутгийн сонгуульд Ерөнхий сайд Борис Жонсоны Консерватив намаас  хуучин улаан тоосгон байшингууд бүхий аж үйлдвэрийн Бюри тосгоны Мурсайд тойрогт өрсөлдөх юм.

Өдгөө 52 настай тэрбээр “Би энэ амьдралдаа Тоталитарийн чөтгөрүүдтэй хоёр ч удаа тулалдаж, Умард Солонгосоос хоёр ч удаа оргон гарч байсан учир өөртөө маш их итгэлтэй байна. Англичууд миний гэр бүлд маш сайхан сэтгэлээр хандсан. Харин одоо би тэднийхээ ачийг хариулмаар байна” хэмээн хэлжээ.

Жи Хен Пак Умард Солонгосын уулархаг Ар Хамгён мужид төрж, өссөн ч өлсгөлөнгөөс болж цөхрөнгөө баран 1998 онд дүүгээ дагуулан Хятадад дүрвэсэн ч тэндээ хүний наймаачдын гарт орсон аж. Тэр цагаас хойш Пак дүүгээ дахиж хэзээ ч хараагүй бөгөөд өөрөө нэгэн айлд боол болон зарагдсан байна.

Пак “Нэг өдөр би амиа егүүтгэхээр шийдсэн ч жирэмсэн болсноо мэдээд бодлоо өөрчилсөн. Учир нь, хэвлий дэх үр минь надад үлдсэн хамгийн сүүлчийн гэр бүл юм шүү дээ. Үр минь надад дахин амьдрах итгэл найдвар бэлэглэнэ гэдэгт би найдсан юм” хэмээн дурссан байна.

Тийнхүү Пак цаашид итгэл найдвартайгаар амьдрахаар шийдсэн ч бичиг баримтгүй эмнэлэгт очвол нутаг буцна гэхээс айгаад жирэмсэн болсноо нууцалсаар өөрийнхөө хүчээр эсэн мэнд хүү төрүүлжээ.

Түүнээс хойш таван жил Пак хүүтэйгээ хамт эзнийдээ боочлогдож байсан ч нэг өдөр эрх баригчид түүний тухай мэдэж, баривчлан ганцааранг нь нутаг буцаасан байна. Хожим тэрбээр хүүгээсээ хагацах үнэхээр аймшигтай байсан талаар дурсчээ.

Умард Солонгост эргэн очоод Пак маш чанга дэглэмтэй, хүнд хөдөлмөр хийлгэдэг хорих лагерт хоригдож, тэнд байхдаа хөлөө ноцтой бэртээжээ. Хөлнийх нь бэртэл дэндүү ноцтой байсан тул лагерийн хуягууд түүнийг “Хуаран дотор үхэж болохгүй. Гадаа гарч үх” хэмээгээд гаргаж хаясан байна. Тэр үед Пак хүүтэйгээ амьд уулзахын төлөө бүх хүчээ шавхан залбирч байсан гэдэг.

Түүний дараа Пак бүх чадлаа дайчлан амьд үлдэж, 2005 он гэхэд дахин дүрвэх хэмжээнд тэнхэрсэн байна. Тийнхүү тэрбээр Хятад руу дахин дүрвэж, өмнөх эздэд нь боолчлогдон зовж байсан хүүгээ олж чаджээ. Хүүгээ олж авсан Пак хамтдаа цаашид шинээр амьдрах илүү аюулгүй газар олохоор шийдсэн байна.

Пак хүүгээ дагуулан Хятадаас гарахаар шийдэн 2007 онд хэд хэдэн дүрвэгсдийн хамт Монголын хил даван говьд явж байхдаа цуг хил давсан дүрвэгч Квантай хайр сэтгэлийн холбоотой болсон аж. Эцэст нь Бээжинд амьдардаг солонгос номлогч тэднийг НҮБ-тэй холбосноор Пакийн гэр бүл Британид шинэ гэртэй болжээ. Тэд өдгөө гурван хүүхдийн ээж, аав болсон байна.

Пакийн гэр бүл Их Британийн орчин үеийн Консерватив намыг үүсгэн байгуулагч, 19-р зууны Ерөнхий сайд Роберт Пийлийн төрсөн нутаг Бюри тосгонд суурьшиж, шинэ амьдрал эхлүүлсэн байна.

Сэтгүүлч түүнээс цагаачлалын бодлого нь маш их шүүмжлэл дагуулдаг Консерватив намд ямар шалтгаанаар элссэнийг нь асуухад Пак консервативчуудын гэр бүлийн үнэ цэнэ, эрх чөлөөг эрхэмлэдэг занд татагдсан гэдгээ илэрхийлсэн аж.

Тэрбээр “Нэгдсэн Вант улс надад эрх чөлөө гэж юу вэ?. Хүн гэж юу вэ? гэдгийг маш сайн зааж өгсөн. Тиймээс би эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүст хариу барихыг, тэдний төлөө ажиллахыг хүсч байна. Өнгөрсөн жил маш хүнд хэцүү өнгөрлөө. Олон ч хүмүүс гэр бүлийнхээ гишүүдийг, хайртай дотны хүмүүсээ алдлаа. Тэдний зовлонг би жаахан ч гэсэн нимгэлмээр байна” хэмээн ярьжээ.

Пак өдгөө өөр шиг нь дүрвэн ирсэн умард солонгосчуудад Их Британид амьдрах аргаа олоход тусалдаг байна. Хэдийгээр Пак эрх чөлөөтэй оронд ирж, нөхөр, гурван хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байгаа ч өнгөрсөн түүх, төрсөн дүүгээ санан дурссаар явдаг аж. Тэрбээр “Би одоо дүүгээ амьд үлдэж чадсан эсэхийг ч мэдэхгүй. Гэхдээ би итгэл найдвараа хэзээ ч алдахгүй. Нэг л өдөр би дүүтэйгээ дахин уулзана гэдэгт үргэлж итгэдэг” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yfpswe

lipitor 20mg brand <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg</a> order atorvastatin 80mg online cheap