Ойн хөнөөлт шавж Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нь судалгаагаар тогтоогдсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг. Экологийн өндөр ач холбогдолтой манай орны оны экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь эдгээр ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл гэж хэлж болно. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг.
Энэ оны 6 сарын 7-ноос 12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг Ойн судлагаа, хөгжлийн төвөөс хийсэн.
Судалгаанд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хур, Шажин хурах зэрэг газрууд хамрагдсан байна. Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжуудыг илүүлсэн.
Тоймчилсон судалгаагаар Сибирийн хүр эрвээхэй Төр хурхын аманд 915 га талбайд, Якобсоны төөлүүрч эрвээхэй Жаргалант, Түрэг, Хүүш, Төр хурах зэрэг газруудад 2792 га талбайд голомт үүсгэсэн байна.
Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг бөгөөд Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэхээр нөхцөл байдал Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд явуулсан судалгаагаар урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Харин Төр хурахын амны ойн санд илэрсэн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь 6 сарын сүүл, 7 сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх нөхцөлтэй байгаа учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг энэ оны 8-р сарын дунд 10 хоногт явуулах нь тохиромжтой гэсэн дүгнэжээ.
Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Иймээс бага үед нь хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлнэ.
Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах сөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээ байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих арга хэмжээ авч эхлээд байна.