Хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформ буюу “И-Монголиа 2”-ыг энэ оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлсэн.
Ингэснээр төрд байгаа иргэдийн бичиг баримттай холбоотой мэдээллүүд энэ системд нэвтрэх бөгөөд иргэд биедээ олон бичиг баримт авч явах шаардлагагүй болохоос гадна төрөөс авдаг лавлагаа, тодорхойлолт багасах аж. Тухайлбал, жолооны үнэмлэхээ биедээ авч яваагүйн улмаас торгуулдаг байсныг зогсоосон.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Монгол Улсын иргэн дунджаар таваас 12 бичиг баримттай. Энэ бүх бичиг баримтуудыг системд оруулна. Хиймэл оюун ухаан ашиглан өөрт нь зориулсан үйлчилгээг санал болгоно. Хэрэглэгчдэд илүү хялбар ойлгомжтой болж, авилга хүнд сурталтай үйлчилгээг эхэлж цахимжуулна.
Жолооны үнэмлэхээ мартаад машинаа бариад явж байтал цагдаа зогсоогоод хурууны хээгээр таныг мөн гэдгийг баталсан ч үнэмлэхгүй хэмээн торгодог.
Иргэдийн хувьд олон бичиг баримт авч явах шаардлагагүй болно” гэсэн юм. Мөн систем хиймэл оюун ухаан ашиглаж, тухайн иргэнд хэрэгтэй үйлчилгээг санал болгох юм байна. Тодруулбал, шинээр гэр бүл болох, хүүхэдтэй болох, байр, зээл авах, машин авахтай холбоотой үйлчилгээг оруулсан. Мөн нийтлэг оруулах үйлчилгээ нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ байх аж. “e-Mongolia” систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ ороод байгаа аж. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа гарсныг мөн танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх