Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэр бүхий шүүгч нарын гаргасан гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүхээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хэрэг явдлыг сануулбал, Өмгөөлөгч Б.Баасанцогттой архидан согтуурсан бичлэг нь ил болсон шүүгч нарт арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан шаардаж, Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан билээ. Гомдлын дагуу шүүгчийн ёс зүйн хорооны хурал болж Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж, Д.Болдбаатарын цалинг 6 сарын хугацаанд 30 хувиар хасах шийдвэр гаргасан билээ.
Сэтгэгдэл үлдээх