“No naadam” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд жагсан, Засгийн газрыг огцрохыг шаардсан. Тиймээс тус хөдөлгөөнийг санаачлагч Д.Монголхүүг цагдаагийн байгууллагаас баривчлаад байна.
Тэгвэл Д.Монголхүүг суллахыг шаардсан иргэд Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өчигдрөөс хойш жагсаж, хоносон юм. Тэгвэл өнөөдөр өглөө тус яамны гадна хоносон таван хүнийг мөн баривчилсан талаар О.Магнай нарын жагсагчид мэдээлэл хийв.
Иймд уг асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодрууллаа. Тус төвөөс мэдээлж буйгаар “Хууль зүйн яамны гадна жагсаж хоносон иргэд дундаас нэг эмэгтэй яамны харуул хамгаалалтын ажилтны нүүрийг маажсан юм байна. Төрийн тусгай обьектыг хамгаалдаг төрийн албан хаагчийн биед халдсан учраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тайлбар, мэдүүлэг авахаар авч явсан. Энэ үед хамт байсан 3-4 эрэгтэй цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцсэн учраас хамтад нь авч явсан байна. Яг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тэдгээр хүмүүсээс тайлбар, мэдүүлэг авч байна. Баривчилсан зүйл байхгүй” гэв.
Сэтгэгдэл үлдээх