Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн аравдугаар сарын 6-ны өдөр таалал төгсчээ. Тэрээр “Хүргэн хүү” киноны Жамцын эхнэр Аюуш, “Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны эхнэр Должингийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшин, мөнхөрсөн авьяаслаг уран бүтээлч байв.
Урлагийн салбарт тасралтгүй 45 жил ажилласан тэрээр 1926 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Засагт хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Цээл сумын нутаг Ар завсар гэдэг газарт мэндэлжээ. Л.Цэндсүрэн нь 1936 онд Улаанбаатар хотын бага сургуульд, 1939-1941 онд Урлагийн хүрээлэнгийн дэргэд Уран сайхны сургууль буюу одоогийн Монгол Улсын консерваторит суралцан жүжигчний мэргэжил эзэмшсэн байна. Мөн 1941-1945 онд Улсын хөгжмийн драмын “Бөмбөгөр ногоон” театр, 1953 оноос МХЗЭ-ийн нэрэмжит Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр 45 гаруй жил тасралтгүй ажиллаж, 1986 онд өндөр настны тэтгэвэрт гарчээ.
Тэрээр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Төрийн бус байгууллагын Ард түмний гавьяат, Гэгээн Муза наадмын “Хүндэт Муза” алтан цом, МАН-ын 90 жилийн ойн медаль болон бусад медалиудаар удаа дараа шагнагдаж байсан. Мөн театр, радио, телевизийн дэлгэцнээ 300-аад гол ба туслах дүрүүдэд тоглож, гадаадын 30 гаруй дүрд дуу оруулжээ.
Сэтгэгдэл үлдээх