Монголын Үндэсний Бөхийн холбоо, Монголын Үндэсний Харваачдын холбоо, Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уламжлалт спортын гурван холбооны зүгээс Монголын биет бус өвийг хадгалан үлдээх, Монгол наадамд зөвхөн монгол адууг уралдуулах талаар санал нэгдэж байгаагаа мэдээлсэн юм.
Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн: “Ардын хувьсгал ялснаас хойш 100 жилийн хугацаанд анх удаа Монгол төрийн наадам тасалдлаа. Nonaadam, yesnaadam гэх хөдөлгөөн хийсэн.Үүний ар талд өв соёлоо яаж хадгалж үзэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна.
Одоогоос 11 жилийн өмнө ЮНЕСКО эрийн гурван наадмыг Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өв соёл гэж бүртгэж авсан. Энэ өвөл соёл тасалдаж байгаа нь зөвхөн бөхчүүд, уяачид, харваачдын асуудал биш. Энэ өв соёлоор дамжуулан ард түмэн бүрэн эрхт тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ мэдэрч, сэтгэлийн их таашаал авдаг. Гэвч наадам дуусны дараа бөхчүүд нь допинг хэрэглэсэн байх, эрлийз морь уралдсан гэх асуудал үүсдэг. Миний хувьд зөвхөн монгол морио уралдуулах саналтай байна. Мөн энэ өв соёлыг тээж авч яваагийн хувьд гурван холбоо хамтарч ажиллахаар боллоо.
2003 онд гарсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Сүүлийн хоёр жилд яригдаж байгаа өөрчлөлтүүдээс анхаарал татсан нэг асуудал нь монгол адууг өндөр намаар нь ялгадаг. XXI дүгээр зуунд амьдардаг бид өндөр, намаар нь ялгаж болохгүй. Энэ мэт заалтууд дээр гурван холбоо нэгдсэн байдлаар байр сууриа илэрхийлж, УИХ-ын чуулганд хүргэнэ” гэж хэллээ.
Монголын Үндэсний Сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван: “Хүннү гүрний үеээс эрийн гурван наадмыг тэмдэглэдэг байсныг түүхэн эх сурвалжууд тэмдэглэсэн байдаг. Тийм учраас үндэсний спортын холбоод наадмын өв соёлыг унаган төрхөөр нь хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс бид нэгдэж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна” гэв.
Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав: “Олон урьгаалч үзэл бий болсон энэ цаг үед залуучууд өөрсдийн өв соёлоо үл хүндэтгэж болохгүй гэдгийг ойлгуулахын энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан. Бид залуучуудтайгаа нээлт ярилцаж, санал хүсэлтээ солилцож болно” гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх