2014 оноос хэрэгжиж эхлэсэн оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээнд нийт 5000 гаруй оюутан цэргийг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бэлтгэсэн байдаг. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан тус хөтөлбөр ирэх жилээс хэвийн үргэлжлэх ажээ.
Өмнөх жилүүдэд оюутан цэргийн бүртгэл гуравдугаар сард явагдаж, дөрөвдүгээр сарын 1-нээс танхимын сургалт эхэлдэг байжээ. Ирэх жилийн хувьд мөн адил бүртгэл гуравдугаар сард эхлэх талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдлээ. Хөтөлбөрийн удирдамжийн дагуу 18-25 насны нэгдүгээр курсэд суралцдаг оюутнууд хамрагдах ёстой байна. Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл 4-6 дугаар сард бямба, ням гаригуудад ордог бол зургадугаар сарын 10-ны дотор Цэргийн штабын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж тэнцсэн оюутан зургадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн тусгай бэлтгэлд хамрагдаж тангараг өргөснөөр оюутан цэргийн албыг хаасанд тооцдог байна. 2025 оноос эхлэн Төрийн албанд орох гэж буй залуус цэргийн алба хаасан байх шаардлагыг хуульчилсан нь оюутан цэрэгт бүртгүүлэх хүсэлтэй залуусын тоо нэмэгдэх шалтгаан болжээ.
Сэтгэгдэл үлдээх