АНУ-ын Нью-Йорк хотноо энэ арван нэгдүгээр сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр болсон Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүнээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгогдсон байна.
Монгол Улс анх удаа нэрээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гишүүнээр сонгогдсон энэхүү комисс нь НҮБ-ын хүрээнд олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвенц, зарчмуудыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй ажээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шинжээчдээс бүрдсэн, байнгын бус ажиллагаатай байгууллагын жилд нэг удаа болох хуралдаанд оролцох юм байна.
Тус комиссын сонгуульд нийт 48 улс 34 гишүүний суудалд өрсөлдөж, манай улсын харьяалагддаг Ази, Номхон далайн бүлгээс Энэтхэг, Япон, БНСУ, Кипр, БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг 8 улс, Африкийн орнуудын бүлгээс Сьерра Леон, Сенегал, Кени, Кот д’Ивуар, Египет, Марокко, Алжир, Буркина Фасо, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг 9 улс, Зүүн Европын орнуудын бүлгээс ОХУ, Румын, Латви зэрэг 3 улс, Латин Америк, Карибын орнуудын бүлгээс Чили, Эквадор, Бразил, Аргентин, Перу, Никарагуа зэрэг 6 улс, Баруун Европын болон бусад улсын бүлгээс Норвег, Португал, Итали, ИБУИНХУ, Австри, Шинэ Зеланд, Франц, Турк зэрэг 8 улсын нэр дэвшигчид 2023-2027 онд ажиллахаар сонгогджээ.
Сэтгэгдэл үлдээх