Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн судлаачид “Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газрын Янгир ямааны тусгаарлагдмал жижиг популяцын генетик тогтцын онцлог, орон зайн тархалт, тоо толгойн хөдлөл зүй, улирлын тархац байршил, экологийн онцлогийг хөдөлгөөн мэдрэгч автомат камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж (дрон), генетик судалгааны арга зүй ашиглан судалж хамгааллын үр дүнтэй менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх үндэслэл, санал зөвлөмжийг боловсруулан өгчээ.
Тарвагатайн нурууны Алаг Ямаат орчим янгир ямааны тархах боломжит 799.5 км2 нутгаас 217.51 км2 нутагт 180 гаруй толгой янгирын сүрэг 0.83 бодгаль/км2 нягтшилтайгаар тогтвортой тархан байршиж, тоо толгой өсөж байгаа ч үржлийн эрчим буурах хандлагатай байгааг судлан тогтоосон байна.Тус газрын Их Алаг, Бага Алаг болон Отгонтэнгэрийн ДЦГ-ын хооронд холбоос нутгуудыг тооцоолоход янгирын амьдрах орчныг холбосон хамгийн бага энерги зарцуулалт бүхий 99.62 км урт боломжит нүүдлийн замнал тогтоогжээ.
Хамгийн саад багатай, тохиромжтой нүүдлийн замнал нь Тарвагатайн нуруунаас урд зүгт ТХГН-ийн хилийн цэсийн гадна байрших Халзан бүргэдтэй чиглэлд төвлөрч байна.Янгир ямааны амьдрах орчны загварчлалаар тухайн бүс нутгийн янгирын популяцын одоогийн тархац нутаг, голомт нутаг, нийт тархах боломжит нутаг, хамгийн бага энерги зарцуулалт бүхий холбоос нутаг, холбоос нутаг хоорондын саад тотгорын загварчлал болон зорилтот зүйлийн амьдрах орчинд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл зэргийг тооцоолж, дүгнэлт санал боловсруулав.
Энэхүү тусгаарлагдмал популяцын үндсэн байршил нутаг Их Бага Алагийн хавцал орчим буюу ялангуяа өвөл, хаврын улиралд хужир, өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн уст цэг орчимд гэрийн мал, зэрлэг амьтдын бэлчээрийн давхцал үүсдэг нь гэрийн малын гадаад дотоод шимэгчид бусад халдварт өвчин зэрлэг амьтдад халдварлан тархах нөхцөлийг бүрдүүлж байх тул бэлчээрийн мал сүргийг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болох тарилга, туулгыг тогтмол чанартай хийж, хяналт тавих шаардлагатайг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх