Шинэ оны босгон дээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт чин сэтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон, тэмдгээр шагнаж урамшууллаа.
Байгаль орчны салбарт 15 жил идэвх зүтгэлтэй ажиллаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж 2019, 2020 онуудад 31 газрыг тусгай хамгаалалтад авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 4 хувиар нэмэгдүүлж, Улсыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 21 хувьд хүргэхэд сэтгэл, зүтгэл гарган ажилласан гавьяаг нь үнэлэн Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Ганболдын Энхмөнхийг Алтан гадас одонгоор шагнав.
Тусгай хамгаалалттай газар нутгийг удирдлагын газрын мэргэжилтэн Батхуягийн Энхгэрэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Түмэнжаргалын Төрбадрах нарыг Байгаль орчны салбарт 10 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагналаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жолооч Шарав-Арилдын Цолмон 2016 оноос хойш төрийн албанд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгааг нь үнэлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр шагнаж урамшууллаа.
Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гардуулан өгч баяр хүргээд, ажил үүргээ чин сэтгэлээсээ нэр төртэй гүйцэтгэж, төрийн албаны ёс зүйн хэмжээнд нийцүүлэн ажиллаж байгаа нийт албан хаагчдадаа талархал илэрхийлэн амжилт хүслээ.
Сэтгэгдэл үлдээх