Нийслэлийн Засаг дарга “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж гарган хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Нийслэлийн Засаг дарга “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж гарган хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн хуулийн этгээдэд үзүүлж буй 44 төрлийн үйлчилгээ, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгож буй найман төрлийн зөвшөөрөл болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ хуулиар зохицуулдаг тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг хэрхэн бууруулах вэ, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх тал дээр ямар саналтай байгаагаа зөвлөлийн гишүүд ярилцлаа.
Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгодог 44 үйлчилгээний 20 үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой болсон бөгөөд 16 үйлчилгээнд тодорхой материал бүрдүүлэх шаардлага үүссэн байна. Тус 16 үйлчилгээнд нийтдээ 186 төрлийн хавсралт шаарддаг байдлыг үе шаттайгаар халж, эхний ээлжид 109 хавсралтыг хасах боломжтой байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар танилцуулж байв.
Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгодог найман төрлийн зөвшөөрлийн гурав нь хуулиар олгогддог бөгөөд үлдсэн таван зөвшөөрлийг олгоход шаардагдах зарим материал, баримт бичгийг багасгах, шат дамжлагыг бууруулах саналтай буйгаа танилцуулсан юм. Зөвлөлийн гишүүдийн зүгээс эрүүл мэндийн салбарын тусгай зөвшөөрөл, баримт бичиг бүрдүүлэлт дээр илүү няхуур хандах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
\
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо есөн төрлийн бичиг баримтыг зайлшгүй шаардан, ажлын 20 хоногт шаардлагатай хяналтыг хийн, зөвшөөрөл олгож байна. Зөвлөлийн зүгээс ажлын 20 хоногт хийх хяналтын хугацааг багасгах, бүрдүүлэх шаардлагатай есөн төрлийн баримт бичгийг цөөлөн, цахим холболт хийх санал гаргалаа.
Тус зөвлөлийг ахалж буй Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн зүгээс дээрх байгууллагуудад зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, зөвлөмжийг тусган, саналаа албан ёсоор боловсруулж танилцуулахыг даалгалаа.
Сэтгэгдэл үлдээх