Нийслэлийн Боловсролын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Мета сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Коронавируст цар тахлаас шалтгаалан хичээл сургалтын үйл ажиллагаа зайн хэлбэрт шилжсэнтэй холбоотойгоор өсвөр насны суралцагчдад сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсэж ганцаардах, бухимдах зэрэг сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдаж байна. Иймд суралцагчдад чиглэсэн сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгцээ, шаардлага бидний өмнө тулгарч, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйчдийг ажиллуулж эхэлсэн. Цаашид бүх ерөнхий боловсролын сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох бодлогыг баримтлан ажиллаж байна” гэж онцлов.
Тус сургалтанд Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Зоригтбаатар, сэтгэл зүйч О.Оюунбилэг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хэрэглэгч, донтогч нарын сэтгэл зүй” сэдвээр мэдээлэл өгч, “Мета сэтгэл судлалын хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмаа “Сэтгэл зүйчийн үйл ажиллагааны хэрэгжилт, одоогийн байдал”, “Сэтгэл зүйч өөрийн сэтгэл зүйд хэрхэн анхаарах, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах” талаар аргазүйн зөвлөгөө өглөө.
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар
Сэтгэгдэл үлдээх