Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан, үүрэгт ажлаа авлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг шинээр томилогдсон сайдад хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээсэн юм.
Сайд Б.Бат-Эрдэнэ “Цар тахлын хүнд нөхцөл боловч, нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж бодож байна. Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхол бий. Үүнийг салбарын яам сайн зохион байгуулах ёстой. Мөн агаар орчны бохирдлыг багасгах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, усны нөөцийн бохирдол хомсдолыг багасгах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулахад анхаарна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг багасгах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах гэх мэт олон ажлыг амжилттай үргэлжлүүлэн маш сайн ажиллах ёстой. Хамт олондоо итгэж байна” гэв.
Сэтгэгдэл үлдээх