“Portugal Grand Prix 2022” энэ оны анхны тэмцээнд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Хангарьд” спорт хорооны тамирчин Бямбажавын Цогт-Очир хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн -60 кг-д нийт 31 бөх хүч үзэхэд Б.Цогт-Очир эхний даваандаа эзэн орны Родриго Коста Лопесийг нэмэлт цагт, хоёрдугаар тойрогтоо Австралийн Жошуа Катзийг вазари үнэлгээгээр ялагдаж яваад “ипоон” буулгаж, шилдэг наймд шалгарсан.
Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө Парисын Их дуулгын аварга Азербайжаны залуу од Балабай Агхаевт ялагдсан ч торгуулийн тойрогт 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Испаний Франческо Гарригосыг вазари үнэлгээгээр, хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аварга Италийн Ангело Пантаног нэмэлт цагт буулгаж авч, IJF-ийн дэлхийн цуврал, Гран При ангилалаас анхны медалиа авлаа.
Түүнтэй хамт энэ жинд хүч үзсэн Э.Сумъяабазар хэсгийн аваргын төлөө хүрэл медалийн төлөө ялагдсанаар гурав дахь удаагаа IJF-ийн дэлхийн цувралд тавдугаар байр эзэллээ. Мөн -66 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Нармандах хүрэл медалийн төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баулд ялагдаж тавдугаар байр эзэллээ.
Сэтгэгдэл үлдээх