Монголын шатарт дурлагчдын хүрээг нэмэх, тэднийг тогтмол идэвхтэй үйл ажиллагаатай байлгаж, амралтын өдрийг оюунлаг таатай сайхан өнгөрүүлэх зорилгоор Стейниц академиас зохион байгуулдаг "Шатар + Кофе" /Play chess & Drink coffeе/ өдөрлөг тэмцээн 3 дугаар сарын 27-нд болно.
Стейниц академи нь өөрсдийн гэсэн шинэ орчинтой болж илүү олон хүнийг өдөрлөгт хамруулан оролцуулах боломжтой болжээ. Эрэгтэй, эмэгтэй ангилал тус тус бүр 30 нийт 60 оролцогч авч, шагналын сан тус бүр 5 байр эзлүүлэхээр боллоо.
Сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн нь оролцогчиддоо зориулсан шатрын хичээлтэй өдөрлөг байх юм.
Өдөрлөгт багтсан зүйлс, цагийн хуваарь:
08.45 – 09.45
- Дэлхийн шатрын холбооны мастер Мөнхбаяр багшийн МАСТЕР ХИЧЭЭЛ. Супер тамирчдын тоглолт дээр шатрын гараа, дунд үе, төгсгөл, мэргэжлийн тамирчингийн харах өнцөг зэргийг, менежментийн ойлголттой хамтад тайлбарлан хүргэнэ. /Тэмцээний өмнө нь орж байгаа тамирчдад чанартай тоглолт гаргах үндэс болно/
10.00 – 16.00
- Тэмцээний үе. 1 өрөг 15 минут 10 секундийн цагийн хяналттай. /5 минутын түргэн тоглолт хийж байснаас илүү чанартай, тархи ачаалж өгнө/ Өрөг тус бүр 10-15 минутын шатрын хүүний төгсгөлийн хичээл мөн сэтгэлзүйн зөвлөмжийн яриаг хийнэ.
16.30 – 17.30
- Тэргүүн байранд орсон 1 хүний 7 өрөг дээр шинжилгээ, тайлбар хаалтан дээр хийж. Тэргүүн байраасаа суралцах зарчмаар явна мөн алдааг засаж өгнө. /Бид үргэлж өсөж хөгжих гэж, бусдаасаа суралцах соёлтой байх юм./
Энэ бүхэн нь өдөрлөгийн гол түлхүүр бөгөөд өмнөх өдөрлөгөөс харахад хаалтан дээрх өргийн алдаа онооны тайлбар нь урт хугацааны стратегийн ойлголтод тулгуурлаж шинжлэгдсэн нь их олон хүнд хүрснийг дуулгахад таатай байна.