Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав.
“Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн Улаанбаатар хотын ЗАА 65 сая мод нийслэлийн суурьшлын бүсэд тарьж, ургуулахаар бэлджээ.
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн төслийг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний оролцоотой өрнүүлж 29.8 сая мод, нийт 120 сая модыг нийслэлд тарьж ургуулна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг багасгах, усны нөөцийг нэмэхээр түймэрт өртсөн, хөнөөлт шавжинд идэгдсэн, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээж, ойжуулахаар төлөвлөжээ. Нийслэлд энэ онд 74 га-д ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Нийслэлд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллагаас 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 9 үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлэхийг М.Нямбаяр дуулгалаа. Тодруулбал, мод үржүүлгийн агро ойн аж ахуйн газар байгуулахад ус ашиглалтын төлбөрөөс хөнгөлөх, ойн мэргэжлийн байгууллагад мод үржүүлгийн зориулалтаар газар олгохыг дэмжих, мод тарих соёлыг нутагшуулах урт хугацааны нөлөөллийн аяныг хийх, мод үржүүлгийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах, зээл бий болгон, урамшуулахыг зорьжээ. Мөн энэ сарын 28-нд “Тэрбум мод” зөвлөгөөн зохион байгуулах юм.
Хотын дарга Д.Сумъяабазар “Тэрбум мод” хөдөлгөөний чухлыг тэмдэглээд, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэх, үүнтэй ажлаа уялдуулах, иргэдийг идэвхтэй хамруулах хэрэгтэйг онцлов.