Баяр ёслолын арга хэмжээнд өндөр градустай архийг хориглолоо

Архи согтууруулах ундаатай холбоотой асуудлыг зөв зохистой авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдал, айл өрхийн хэмжээнд хүрсэн гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж байна.

Зарлигт “Эрүүл Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

 1.1 Өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундаа хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийнэ.

1.2 Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт орох замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,

1.3. Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршгийг нийтэд сурталчлан таниулах,

1.4 Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслолын арга хэмжээнд өндөр агуулгатай этилийн спиртийг хэрэглэхийг бүр мөсөн хориглох,

Онцолж хэлэхэд, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж ард иргэдийн хэрэглээг аваад үзэхэд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр байна. Үүнийг дагаад гэмт хэрэг зөрчил, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой сөрөг нөлөөлөл байна. Тиймээс олон оронд өндөр хатуулагтай спиртийн градусыг бууруулах арга хэмжээг үе шаттай авсан. Тиймээс бид 10 жилийн хугацаанд жил бүр хатуулгыг хоёр хувиар бууруулж, архины зөв зохистой хэрэглээг бий болгох чиглэл рүү явна.