Д.Сумъяабазар: Эрх мэдэлтэй яам, тамгын газрын хүмүүс бүх зөвшөөрлүүдийг салгаад аваад явчихсан учир Улаанбаатар ийм хүндрэлтэй нөхцөлд орсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр буюу есдүгээр сарын 19-нд нийтийн тээврийг тойрсон асуудлаар мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Арван хэдэн жилийн өмнө болохгүй байсан, тэр үед тэгж алдаж байсан гээд байдаг энэ цаг үед хүмүүс нь өөр болчхоод байна. Өнөөдөр Улаанбаатар хотыг хөгжүүлье, нийтийн тээврийн хүрэлцээ хангамжийг дээшлүүлье гэвэл тархинд байгаа түгжээгээ тайлаад бусдад ажил эрхлэх боломжийг нь тавьж өг. Би их хурал дээр түгжээ байна гэж харж байгаа.

Иргэд, аж ахуйн нэгжүүд хөгжих боломжоо харчхаад өндөр шаардлага, хүсэлтүүдийг тавьдаг ч хуульдаа хаачихдаг. Тиймээс хотын хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулах, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлийг хувийн хэвшил хийдэг болгох орон зайг нээж өгөх хэрэгтэй. Бүх зүйлийг төр нуруун дээрээ үүрээд явж болохгүй, угаасаа дийлэхгүй. Нийслэл Улаанбаатар хотын багц хууль ус агаар мэт хэрэгтэй байна.

Хууль мэддэг гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн аманд орчхоод 1.6 сая иргэн утаандаа угаартаад, автомашиндаа түгжрээд, хөрөнгө мөнгө байхгүй байдалтай байна.

Хэрэгжилтийг хангаж байгаа удирдлагууд нь загнуулаад, бөхийгөөд зогсож байдаг. Гэтэл дээр байгаа хүмүүс нь бодит амьдралаа мэддэггүй, ойлгодоггүй. Би ч бас их хуралд байхдаа тэдний нэг явж байсан. Хууль тогтоох дээд байгууллага бол хөгжлийнхөө хурдцыг гүйцэхгүй, хоцрогдоод байгаа гэдгийг бууж ирчхээд л ойлгож байна.

Хотын агаар орчны бохирдлыг бууруулахад хотын хууль эрх зүйтэй холбоотой шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, боловсролын яам нь нийтийн тээврийн автобусны жолоочийн зөвшөөрөл, эрхийг нь олгодог байж болохгүй.

Хот өөрөө оношилгоо шинжилгээ хийдэггүй. Авто тээврийн үндэсний төв дээр оношилгоогоо, дугаар, бүртгэл нь байдаг. Эрх мэдэлтэй яам, тамгын газрын хүмүүс бүх зөвшөөрлүүдийг салгаад аваад явчихсан учир Улаанбаатар ийм хүндрэлтэй нөхцөлд орсон. 

Түгжрэлийг бий болгоод байгаа, хөгжлийн садаа болж байгаа эрх зүйн орчныг нээлттэй болгох шаардлагатай. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил эрхэлж, хөгжих боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Хууль тогтоох дээд байгууллагад шүүмжлэлттэй хандах асар олон зүйл байна" хэмээв.