Украины цэргүүд АНУ-аас нийлүүлсэн алсын тусгалын “ATACMS” пуужинг анх удаа ашигласан тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гаргийн орой мэдэгджээ. Энэхүү алсын тусгалтай пуужин нь Оросын эзлэн авсан нутаг дэвсгэр дэх агаарын цэргийн баазын хангамжийн ба төмөр замын сүлжээнд цохилт өгөх боломжийг олгох тул Украины тал “ATACMS”-ийг нийлүүлэх хүсэлтийг АНУ-ын засаг захиргаанд удаа дараа тавьж байсан юм. “АНУ-д онцгой талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн бидний тохиролцоо хэрэгжиж байна. "Атакамсууд" маш оновчтой тусгалтай гэдэг нь батлагдлаа" гэж Зеленский мэдэгдсэн нь 306 км хүртэлх алсын тусгалтай уг пуужингуудыг хэрэглэсэн гэдгээ Украины тал анх удаа албан ёсоор баталгаажуулсан хэрэг юм. Мягмар гаргийн үүрээр Оросын эзлэн авсан Луганск, Бердянск хотуудын хоёр нисэх онгоцны буудал руу алсын тусгалтай пуужингаар цохилт өгсөн гэж Украины армийн командлал мэдэгджээ. Цохилт өгөх явцад есөн нисдэг тэрэг, зенитийн пуужин харвах төхөөрөмж болон нэг техник хэрэгслийг устгаж, нисэх буудлын хөөрөх буух зурвасуудыг эвдэлж, Оросын армид их хэмжээний хохирол учруулсан байна.