Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга, байгууламж барих явдлыг хязгаарлахаар хуулийн төсөлд оруулж байна. 2000-аад оноос хойш гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн.
Сэлбэ голын орчим, Натур худалдааны төвийн орчмын орон сууцны барилгууд хамгийн төлөвлөлтгүй, бетонон ширэнгэн хорооллыг үүсгэсэн. Яармагийн дэнж орчмын орон сууцны хороолол ерөнхий төлөвлөгөө болон хотын стандартгүйгээр бетонон ширэнгийг үүсгэлээ.
Сүхбаатарын талбайгаас 800 метрийн зайд байгаа Дөлгөөн нуур орчмыг бетонон ширэнгэ болгоод алдаж байна. Төлөвлөлтгүй барилгажилт Дэнжийн мянга руу үргэлжлэх нь. Тиймээс цаг алдалгүй Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө түүнд нийцсэн орон сууцны стандарт, нормыг тогтоож, одоо архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1,500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг царцаах, хотын стандарт бүхий өөр газар руу шилжүүлэх зохицуулалтыг хийхээр хуулийн төсөлд оруулж байна" хэмээн хэллээ.