Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин хичээлдээ явахаар таксинд суугаад сураггүй алга болж, улмаар эрэн хайснаар цогцсыг нь олсон харамсалтай хэрэг гарсныг нийгмээрээ мартаагүй. Охиныг эрэн хайх үед Сайншанд төвийн албан байгууллагууд гаднаа ер камергүй, камертай нь ажиллагаагүй байснаас эрэн хайх ажиллагаанд хүндрэл учирч байв. Мөн ямар ч бүртгэлгүй автомашинууд хувийн такси үйлчилгээнд дураараа явдаг байв. Охины эмгэнэлт явдлаас хойш хожимдсон ч гэлээ сургамж авсан Дорноговийн удирдлагууд зарим нэгэн өөрчлөлтийг хийж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Авто тээврийн төв, цагдаагийн байгууллага болон бусад холбогдох байгууллууд хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
- “UB cab”-тай хамтран такси үйлчилгээг бүртгэлжүүлж, орон нутаг дотроо таксинд явдаг 200 орчим автомашины жолооч нарыг нэгтгэжээ.
- Бүртгэлтэй таксинд суухад тухайн хүүхдийн мэдээлэл эцэг, эхийнх нь гар утсанд мессежээр очдог болжээ.
- Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглосон.
- Бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулж, эцэг эх нь хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой болсон байна.