Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговийн нутаг, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно . Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн  байна.