Хорт утаа харанга дэлдэж эхэллээ. ҮАБЗ-өө яаралтай хуралдуулна уу!

Өвлийн эхэн сар дөнгөж гарч байгаа энэ үед хорт утаа хоолой хорсгож, толгой манаргаж, амьсгал давчдуулаад эхэлчихжээ.

Гэтэл ид оргил 12, 1, 2 дугаар сард иргэд яах вэ. Өдгөө агаар дахь бохирдол аюултай төвшинд гамшгийн хэмжээнд хүрч, ахмад настнууд болон бага насны хүүхдүүд амьсгалахад хүндрэлтэй болжээ. Хамгийн харамсалтай нь, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг амьжиргааны төвшнөөс доогуур болон зуухны асуудалтай 70-80 мянган айлд зуух, цахилгаан халаагуур тараах болсноо өчигдөр мэдэгдсэн. Зуух янданг бууруулж байж утааг бууруулах атал ийнхүү 70-80 мянгаар нь нэмээд байдаг нь ямар учиртай юм болоо.

Улсын төсөвт утааг бууруулахад 25,8 тэрбум төгрөг төсөвлөснөө саяхан нийслэл рүү шилжүүлсэн талаар УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн. Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороогоо татан буулгачихсан. Харин одоо утаа бууруулах төсвийг чинь батлаад өгсөн. Танайх утаагаа шийд хэмээн Хотын даргын нуруун дээр гол ачааг үүрүүлэхээр болж байна. Харин Хот нь болохоор баахан зуух тараана хэмээн ярьж сууна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлж эхэлсэн. Гэвч үр дагавар нь сайнаасаа муу нь их байна. Тухайлбал, жил бүр олон хүн, дийлэнх нь гэр бүлээрээ, үр хүүхэдтэйгээ угаартан амиа алдах нь ихэсч, хорт утааны хор уршгийг бяцхан үрс амсаж байна. Ханиад томуу ихэсч, хүүхдүүдийн дунд  ханиад тасрахгүй, ханиад хүрсэн л бол шууд хатгаа болж, балчир үрс уушгигүй болж байна. Ахмад настнууд ч үүнд ихээр өртөж, нийслэлийн утаа ийнхүү хортой гэдгээ хэдийнэ нотлоод эхэлсэн. Иргэд нь хорт утаагаар амьсгалж,  амь нас эрүүл мэндэд нь шууд аюул учруулахуйц  байхад ҮАБЗ энэ асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх арга замыг хайхгүй юм уу. Иргэн бүрд хамааралтай энэ асуудал харанга дэлдэж байхад ҮАБЗ  амь төдий байж, саяхан нэг хуралдахдаа цэрэгт өвчтэй залуусыг татахгүй байхад анхаарах, Батлан хамгаалахын сайдын сандал ширээний асуудлаар санал зөрсөн гэх. Иргэд нь хорт утаандаа амь тэмцэн амьдарч, багачуул ханиад хатгаанд дарлуулж, эмнэлгийн шалаар нэг хэвтэж байхад, нэг өглөө л   гэр бүлээрээ угаартаж амиа алдсан гээд хирдхийм мэдээлэл өдөр бүр гарч байхад үл тоодог ийм арчаагүй төр, засагтай юм, бид. Эрх баригч нам иргэдийн саналыг яаж авч, сонгуульдаа амжилттай оролцох вэ гэдгийг л бодохоос амь нас, эрүүл мэнд нь эрсдэлд орж, ужиг өвчинд нэрвэгдэж байхад даанч тоомжиргүй хандсаар байна.  

2023 оны аравдугаар сарын байдлаар 43 хүн угаартсан байна. Сайжруулсан шахмал түлшний чанар жилээс жилд буурч, өнгөгүй үнэргүй энэ хийнд хэчнээн иргэний  амь нас хохирч байж арга хэмжээ авах вэ. ҮАБЗ нийгмийн тулгамдсан энэ мэт олон асуудлаар яаралтай хуралдан, тодорхой нэг шийдэлд хүрэх арга замыг хайгаач ээ. Жилээс жилд өвлийн улиралд иргэд нь  хорт утаагаар амсгалж, Үндсэн хуульд заасан амьд явах эрхээ эдэлж чадахгүй байхад  ҮАБЗ амьгүй оршсоор л...

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nvoahm

how to buy lipitor <a href="https://lipiws.top/">lipitor without prescription</a> buy atorvastatin 40mg pills