Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй хамт такси үйлчилгээг зохицуулах, бүртгэх тухай дагалдах хуулийн төслүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ такси үйлчилгээг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж явуулах, нэг өнгийн тээврийн хэрэгслээр үйлчлэх, зөвшөөрөлгүй иргэн такси үйлчилгээнд явбал таван сая төгрөгөөр торгох зэрэг хатуу заалтыг оруулж байгааг такси үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, дуу хоолойгоо эрх баригчдад хүргэх "1000 таски жолооч" чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулга уулзалтыг Юбикаб ХХК-иас зохион байгуулсан юм.
UBCab ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр: Сүүлийн үед манай улс төрчид, шийдвэр гаргагчдын амнаас такси үйлчилгээг бүртгэлжүүлнэ гэх болсон. Бид өнгөрсөн хугацаанд юу хийж ирснээ энэ хүмүүст ойлгуулаагүй юм болов уу. UBCab өөрийн гэсэн стандарттай. Тэр стандартыг хэрэглэгч мөрдүүлдэг. Үйлчилгээ авсан хэрэглэгч бүр сайн бол сайн, муу бол муу гэдэг үнэлгээгээ өгдөг. Энэ системээр муу нь шахагдаж, сайн нь үлддэг. Такси үйлчилгээ явуулахад зөвхөн нэг өнгийн такси байх ёстой гэдэг чинь Улаанбаатарт өмнө нь байсан шийдэл шүү дээ. Сити, Улаанбаатар такси гэж байсан. Яагаад тэр газрууд байхгүй болсон юм. Тухайн таксины жолооч хуримтлал үүсгэж таксинд явах машинаа худалдан авч байгаа шүү дээ. Тэгвэл нэг өнгөтэй болговол тэр машин нь зарагдах уу, үгүй. Нэг өнгийн такси байхын сул тал нь энэ. Тэгээд ч дэлхий дээр нэг өнгийн такситай улс хотууд байхгүй болж эхэлж байна.
Жолооч н.Отгонбаяр: хуулийн төсөлд 100 хувь санал нэгдэхгүй байгаа. Эрх баригчид дэндүү харалган байна. Нүд нь балай, чих нь дүлий. Бидний ажлын байр, өнөөдрийн нөхцөл байдлыг ойлгохгүй байна. Бид сайндаа такси үйлчилгээнд яваагүй. Бүгд өр зээл, ахуй амьдралтай учраас л явж байна. Монголын нөхцөл байдалд 20 мянган төгрөг ямар үнэ ханштай байгаа билээ. Дэлгүүр ороход 20 мянган төгрөг 5500 төгрөгийн ханштай болчихсон. Эрх баригчид хэт амьдралаас тасарчихсан байна.
Жолооч З: Хуулиар халхалж байгаад бидний тавагтай хоолноос хумслах гээд байна. UBCab-д би баярладаг. Би Х.Нямбаатар болон Д.Сумъяабазарын жолооч хийж явахдаа сардаа хоёр сая төгрөг авч үзээгүй. Одоо би таксинд явснаараа гэр бүлдээ цаг гаргадаг болсон. Тэднийг баарны өмнө сахих биш баарнаас гарсан хүнийг аюулгүй хүргэж өгдөг аппликейшн ашиглаж байгаа. Магадгүй Хятадаас цахилгаан машин оруулж ирээд бидэнд зарах гээд байгаа байх. Эсвэл БНСУ-аас хугацаа нь дууссан, худлаа он шивсэн машин оруулж ирж биднийг дарамтлах гээд байна. Яг үнэндээ буруу рультай машинаар хүн зөөх, зөв рультай машинаар хүн зөөхийн ялгаа юу байгаа юм бэ" гэв.